Нийслэлийн ИТХ-ын 29 дүгээр хуралдаанаар \”Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг тогтоох тухай”, \”Нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх бүртгэлээс хасах мэдээлэл солилцох журам батлах тухай” асуудлуудыг тус тус хэлэлцэн дөнгөж сая баталлаа.
Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийг УИХ-аас 2015 оны 06 сарын 19-ны өдөр баталсан. Хууль 2 хоногийн дараа буюу 10 сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ.
Нийслэл хотын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд заагдсаны дагуу хотын нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлж буй баар, ресторан, зочид буудал, амралтын газар гэсэн 4 төрлийн үйлчилгээ, бүх төрлийн архи, тамхины жижиглэн худалдаанд хотын албан татварыг авах юм. Гэхдээ хувь хэмжээг хуулинд байршил, хүн амын төвлөрлийг харгалзан 0-1 хувь байна гэж заасан. Харин энэ хязгаарыг нийслэлийн ИТХ эрхийн хүрээнд өнөөдөр 1 хувиар баталлаа.
Уг хуралдаанд МАН-ын зүгээс улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд, иргэдийн амьдрал ахуй сул дорой байгаа учраас 0 хувиар батлах санал оруулсан хэдий ч олонхоор дэмжигдсэнгүй.
Тиймээс МАН-ын бүлгийн гишүүд дэгийн дагуу санал хураалтанд оролцох боломжгүй гэдгээ мэдэгдэн хуралдааны танхимыг орхин гарсан юм. Ингэснээр нийслэлийн ИТХ-д АН болон Шударга ёс эвслийн нийт 26 төлөөлөгчийн саналаар уг асуудал 96,12 хувийн саналаар батлагдлаа.
Ингэснээр архи, тамхи худалдан авалт тутамдаа иргэн та нийслэлд 1 хувийн татвар төлөх нь. Мөн баар, ресторан, зочид буудал, амралтын газар үйлчлүүлэхдээ мөн үйлчлүүлсэн үнийн дүнгийн 1 хувийн татварыг нийслэлд төлөхөөр боллоо.
Энэ журмыг нийслэлийн нутаг дэвсгэрт 10 сарын 1-ны өдрөөс эхлэн мөрдөж ажиллахаар болж, орлогын төсөвт төвлөрүүлэхтэй холбоотой асуудлыг жил бүрийн төсөвт төвлөрүүлж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-үүлд үүрэг болголоо.
Ийнхүү \”Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг тогтоох тухай”, \”Нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх бүртгэлээс хасах мэдээлэл солилцох журам батлах тухай” асуудалд МАН-ын бүлгийн төлөөлөгчидгүйгээр 26 хүний ирцтэй хуралдаанаас 1 хувиар батлах санал дэмжигдсэн юм.
Г.Эрдэм