УИХ-ын чуулганы хуралдаанаар Ж.Эрдэнэбулганыг Цэцийн гишүүнээр томилох асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа УИХ дахь АН-ын бүлэг тус асуудлаар тав хоногийн завсарлага авах хүсэлтээ илэрхийлсэн. УИХ-ын дарга Г.Занданшатар нэг хоногийн завсарлаг өглөө.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: Дээд шүүх хугацаа нь дуусчихсан хоёр хүнийхээ хоёулангийнх нь асуудлыг шийдээгүй. Хардлага сэрдлэг үүсч байна. Үүний цаана хуйвалддаг, Цэцийг хараат байлгадаг, хүссэн шийдвэрээ гаргуулдаг хардлага байна. УИХ хууль тогтоох байгууллага. Тэр тусмаа Цэцийн гишүүнийг томилох асуудал дээр хууль ягштал баримтлах ёстой. УИХ-ын даргыг энэ асуудлаар ажлын хэсэг байгуулахыг хүсч байна. Бүр болохгүй бол би ажлын хэсэг байгуулъя. Манай бүлэг ажлын хэсэг байгуулах эрхтэй. Би Ж.Батсуурь гишүүнээр ахлуулаад дөрвөн гишүүнээ оруулъя. Н.Алтанхуяг гишүүнийг бас уръя. МАН-аас гишүүдээ оруулаарай. Хуулиар ажлын тав хоногт шийдэх юм байна. Хуульдаа нийцүүлээд АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авч байна.
Цэцийн гишүүнийг томилох асуудлыг маргааш үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо.