2014 онд БНХАУ-ын дарга Си зин пин МУ-д айлчилснаар Монгол оронтой найрсаг харилцааг бэхжүүлж цаашид хамтран ажиллах боломж нээгдсэн.Үүний дагуу өнгөрсөн 10 сарын 17-нд БНХАУ-ын Аньхуй мужийн Ардын улс төрийн зөвлөлийн орлогч дарга, Хятадын худалдаа, аж үйлдвэрийн Аньхуй холбооны дарга Ли Вейхуй тэргүүтэй төлөөлөгчид Монгол улсад айлчлал хийлээ. Энэ айлчлалын үеэр Аньхуй муж болон Ховд аймаг хоёрын хооронд найрамдалт харилцаа тогтоох, хоёр талын худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, бизнесийн харилцааг өргөжүүлэх хамтын ажиллагааг эхлүүлэхээр хэлэлцсэн байна. Уулзалтын эхэнд аймгийн засаг дарга Д.Галсандондог Ховд аймгийн газарзүйн байршил, нутаг дэвсгэрийн онцлог, хөгжлийн гарцын талаар мэдээлэл хийсэн юм. Мөн энэ үеэр Мал аж ахуй, газар тариалан, Алтайн уулсыг тойрсон аялал жуулчлал, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх түүнд суурилсан хөрөнгө оруулалт хийх нь чухал байна гэдгийг хэллээ. Ховд аймаг бол баруун бүсийн тулгуур төв. Нөгөө талаар ОХУ,БНХАУ-ыг холбосон олон улсын авто замын зангилаан дээр оршдог. Тиймээс зам дагаж хөгжил гэдэгчлэн цаашид хийж хэрэгжүүлэх олон ажил Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан байгааг ч дурьдаж байсан юм. Цаашид гадаадын улс орнуудын хөрөнгө оруулалтыг баруун бүсрүү татах, үйлдвэр үйлчилгээ бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимтэй хийх, иргэдийг ажлын байраар хангах, цалинтай орлогтой амьдрах цогц бодлого баримталж байна гэдгийг аймгийн Засаг дарга яриандаа онцолж байлаа.