Алслагдсан бүс нутагт Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр \”Баруун бүс нутагт нэмүү өртөг бий болгох үйл ажиллагааг дэмжих төсөл” амжилттай хэрэгжих үүд хаалга нээгдэж өнөөдөр анхдугаар зөвлөгөөнийг Ховд аймагт зохион байгуулж байна. Тус зөвлөгөөнийг Монгол улсын ЗГХЭГ, Азийн хөгжлийн банк болон Ховд аймаг хамтран зохион байгуулж байгаа юм. Баруун бүс нутгийн хөгжилд үр дүн өгөх энэхүү үйл ажиллагаанд Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн удирдлагууд хүрэлцэн ирж оролцож байна. Түүнчлэн баруун бүс нутагт нэмүү өртөг бий болгох үйл ажиллагааг дэмжих төслийн хэлэлцүүлэгт Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, \”Баруун бүс нутагт нэмүү өртөг бий болгох үйл ажиллагааг дэмжих төсөл”-ийн багийн ахлагч Кристофер Ландон Лейн ЗГХЭГ-ын Ахлах рефрент П.Зоригтбаатар, Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн н.Энэрэлт , нарын албаны хүмүүс оролцлоо. Манай аймгийн хувьд ОХУ, БНХАУ-ыг холбосон авто замын зангилаа бүхий дэд бүтэц хөгжсөн учраас бүс нутгийн хөгжлийн төв болох бүрэн боломжтой. Нөгөө талаар баруун бүс нутаг нь алслагдсан бүс болов ч хоёр их гүрний хилд ойрхон учраас энэ боломжоо ашиглан эдийн засгаа тэлэх, хувийн хэвшлээ дэмжин бүс нутагтаа нэмүү өртөг бий болгох бүрэн боломж байна. Иймээс өнөөдрийн хэлэлцүүлгээр аймгуудын тэргүүлэх салбарууд, хувийн хэвшлийг дэмжих стратеги ба хөрөнгө оруулалтын чиглэл, баруун бүсийн хамтын ажиллагаа, ажлын уялдаа, хамтын төлөвлөлт, боломжит шинэ тогтолцооны талаар хэлэлцэж тодорхой үр дүнд хүрэх юм. Ингэснээр аймгууд хамтран ажиллаж, бодлого төлөвлөгөөгөө уялдаа холбоотойгоор боловсруулж бүс нутгаараа хамт хөгжих боломж бий болох юмаа.