Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын Үндэсний Олимпын Хороо хамтран Улсын онцгой комисс болон Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүсэлт тавьж, “Токио-2020” олимп, паралимпын наадамд оролцох Монголын баг тамирчдыг вакцинжуулж эхэлсэн. Энэ дагуу өнгөрөгч гуравдугаар сарын 10-нд Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид болон албаны зарим хүмүүс вакцины эхний тунгаа хийлгэсэн.
Тэгвэл өнөөдөр /2021.04.21/ вакцинжуулалтын хоёр дахь тунгаа хийлгэлээ. Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд олимпын 15, паралимпын 7 нийт 270 тамирчин, дасгалжуулагч харьяалагддаг. Үүнээс эхний ээлжинд буюу хуваарийн дагуу бадминтон, усанд сэлэлт, бокс, жүдо, чөлөөт бөх, 3х3 сагсан бөмбөг, тэквондо, байт харваа, хүндийн өргөлт, гимнастик, пара тэквондо, пара байт, пара буудлага, пара пауэрлифтинг зэрэг спортын төрлүүдийн 200 орчим тамирчин, дасгалжуулагчийг дархлаажуулж дууслаа.