Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа дөрөвдүгээр сарын 30-наас буюу өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна. УИХ-д суудалтай МАН, АН, ХҮН, МАХН гэсэн дөрвөн хүчин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхтэй.
Тэгвэл намууд тавдугаар сарын 1-нээс эхэлж нэр дэвшигчдээ тодруулж эхлэх юм. АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх ажиллагаа өнөөдөр эхэллээ. Түүнчлэн өнөөдөр сурталчилгаа буюу хоёр удаагийн халз мэтгэлцээн зохион байгуулна. Харин маргааш буюу тавдугаар сарын 1-нд болох дотоодын сонгуулиар нэр дэвшигчээ тодруулна гэж мэдээлээд буй. Гэхдээ дотоод хагарлаа одоог хүртэл шийдэж, чадаагүй байгаа АН ямар шийдэлд хүрэх бол.
МАН, МАХН-ын дарга нар нэгдэн нийлэх гэрээнд өчигдөр гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. Ийнхүү УИХ-д нэг суудалтай МАХН энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ыг дэмжин оролцохоо албан ёсоор баталгаажууллаа. МАХН-тай “хүчээ” нэгтгэсэн МАН тавдугаар сарын 2-ны морин цагт Бага хурлаа цахимаар хуралдуулж, нэр дэвшигчээ тодруулахаар болжээ.
УИХ-д нэг суудалтай ХҮН мөн адил тавдугаар сарын 2-нд нэр дэвшигчээ тодруулна.