Хүүхдэд ээлтэй Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар Зорилтот бүлгийн хүүхдүүдийн хүслийг биелүүлэх замаар авьяас чадварыг нь нээн илрүүлэх, хөгжүүлэх, амжилтанд хүрэх сэдэл төрүүлэх, нийгмийн амьдралд эерэг байдлаар оролцох боломжийг бий болгох зорилгоор \”Хүслийн захидал” төслийг хэрэгжүүлж дууссан байна.
Уг төсөл нь 2016 оны 03 дугаар сарын 01-нээс 2016 оны 10 дүгээр сарын 22-ний хооронд хэрэгжиж дууссан бөгөөд төслийг хэрэгжүүлэх явцад Хүнд нөхцөлд болон амьжиргааны түвшин доогуур гэр бүлд амьдардаг авьяас чадвартай сургуулийн насны 40 хүүхдээр өөрсдийнх нь хүсэл мөрөөдлийн тухай захидал бичүүлэн авч, үүнийх нь дагуу хүүхэд хөгжлийн үйлчилгээг төлөвлөсөн байна. Төслийг хэрэгжүүлэх явцад Сондор хилэн” англи хэлний сургалтын төв, СУИС-ийн Бүжгийн урлагийн сургууль, Тэнгис кино театр, \”Цоглог” хүүхдийн зуслан зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж, англи хэлний болон бүжгийн сургалт зохион байгуулж, бүх хүүхдийг зуслангийн үйлчилгээнд хамрууллаа. Мөн төсөлд хамрагдсан хүүхдүүдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, хичээлийн хэрэглэл, хувцас зэрэг тусламжийн үйлчилгээнд хамруулж, амьдрах ухааны сургалтанд хамруулжээ.
Хүслийн захидал төсөл хэрэгжсэнээр хүүхдүүд өөрсдийн хүсэл сонирхлын дагуу боловсрол, урлаг, спортын үйлчилгээнд хамрагдаж бодит үр дүнд хүрчээ. Уг төслийн хаалтын ажиллагааны уулзалт 2016 оны 10 сарын 29-нд болсон байна гэж Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.