Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 9-нд болох гэж байна.
Сонгуульд оролцож, саналаа өгөхийн ач холбогдлын талаар салбар бүрийн төлөөлөл байр сууриа илэрхийллээ.
Ч.ГАНЖАВХЛАН: ЭНЭ СОНГУУЛИЙН ГАНЦ НАЙДВАР БОЛ 18-30 НАСНЫХАН ШҮҮ
Human Network үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан: Тэмцлээ оролцоогоороо илэрхийл, залуус аа. Үнэхээр худалдагдсан хүмүүст урам чинь хугарч байгаа бол, хэт дарангуйлах дээрэлхэх хандлагад дургүй байгаа бол сонгуулийн өдөр маш эрт босоод өвөө, эмээ, аав, ээжийнхээ урд ороод л зогсчих, толгой дараалан бүгд саналаа өг. Тэр энэнд өг гэхгүй ээ, итгэл үнэмшил мэдрэмжээ дага, тэгээд үнэхээр та нар бүгд саналаа өгөөд нэг хүн сонгогдвол ямар ч үр дүн гарсан хувь заяатайгаа эвлэрье. Энэ сонгуулийн ганц найдвар бол 18-30 насныхан шүү. Тэмцлээ оролцоогоороо илэрхийл, ганц айж байгаа юм нь л тэр. Байрны зээл, зоосны барьцаанд орчихооргүй байгаа насан дээрээ улс орныхоо чигийг тодорхойл.
Д.СҮНЖИД: ТА СОНГУУЛЬДАА ОРОЛЦООРОЙ
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид: Өнгөрсөн үеийн ололтыг уламжилж, өнөөгийн байдлыг дүгнэж, ирээдүйн төлвийг тодорхойлоход иргэн таны оролцоо чухал юм. Та сонгуульдаа оролцоорой.
Д.ЭНХЦЭЦЭГ: ХЭНИЙ Ч НӨЛӨӨНД БАРИГДАЛГҮЙ СОНГУУЛЬД ОРОЛЦОХ НЬ АЗИ ТИВД УЛАМ БҮР ХОВОРДОЖ БАЙГАА ЭРХ ЧӨЛӨӨ ЮМ
Нээлттэй нийгэм форумын засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэг: Сонгууль бол төрийн хууль ёсны буюу легитим байдал, улс төрийн тогтвортой байдлыг хангахад маш чухал нөлөөтэй үйл явц гэдгийг манай сонгогчид ухамсарлаад сонгуульдаа идэвхтэй оролцох хэрэгтэй байна. Ардчилсан орны иргэн болохын хувьд төрөө төвхнүүлж, хэний ч нөлөөнд баригдалгүй саналаа чөлөөтэй илэрхийлж, сонгуульдаа оролцох нь Ази тивд бол улам бүр ховордож байгаа эрх чөлөө, зол завшаан юм.
Д.ЖАРГАЛСАЙХАН: ТӨР ЗАСГАА СОНГОХ ЭРХИЙГ БИЙ БОЛГОХЫН ТӨЛӨӨ ОЛОН ҮЕИЙН ГЭГЭЭРСЭН ХҮМҮҮС МӨРӨӨДӨЖ, БАСХҮҮ ТЭМЦЭЖ БАЙСАН ЮМ
DeFacto нэвтрүүлгийг санаачлагч, эдийн засагч, судлаач Д.Жаргалсайхан: Эрх чөлөөний хамгийн тод илэрхийлэл бол чөлөөт сонгууль. Бүх хүн төр засгийн эрхийг зэрэг барих боломжгүй учир ардчилсан оронд иргэд өөрсдийн төлөөлөгчөө, улс төрийн намуудын гишүүд, эсвэл бие даан өрсөлдөгчдөөс сонгон, дараачийн сонгууль хүртэл томилон ажиллуулдаг. Чөлөөт сонгууль бол хүн төрөлхтний бий болгосон гайхамшигт ололт амжилт болох хүний эрх, эрх чөлөө, ардчилал зэрэг үнэт зүйлүүдийн зүй ёсны үр дагавар, бас оршин тогтнох үндсэн нөхцөл. Ардчилсан сонгууль бол эрүүл хүн, эсвэл аз жаргалтай хүн өдөр тутмын амьдралдаа анзаардаггүй атлаа алга болчихвол эрж хайдаг, олж авахын төлөө юугаа ч хайрлахгүй өгдөг нандин эрдэнүүдийн нэг. Энэ эрдэнийг олж авах, үр хойчдоо өвлүүлэн үлдээж, төр засгаа иргэд нь өөрсдөө сонгох эрхийг бий болгохын төлөө олон үеийн гэгээрсэн хүмүүс мөрөөдөж, басхүү тэмцэж байсан юм. Олон аавын хүүхдүүд амь насаа өгсөн юм. Зөвхөн чөлөөт орны чөлөөт иргэд л аз жаргалтай, сайн сайхан амьдарч чаддаг билээ.
Ц.БУЛГАНЗАЯА: СОНГУУЛЬ ГЭДЭГ ӨРСӨЛДӨӨН, БООЦООТ ТОГЛООМ БИШ
Сэтгүүлч, тоймч Ц.Булганзаяа: Сонгууль гэдэг маань хэн ялах, хэнийг ялуулах тухай өрсөлдөөн, бооцоот тоглоом биш шүү дээ. Ядаж сонгогчийн байр сууринаас харахад тийм байж болохгүй. Өөрөө өөрийнхөө төлөө, ядаж ирээдүй хойчийнхоо төлөө, хийж байгаа ухамсартай сонголт байх ёстой шүү дээ.
З.ЗАМИЛАН: БИД ИХ СУРГУУЛИА ТӨГСӨЖ, АЖЛЫН ТАЛБАРТ ОЧИХ УЧРААС УХААЛАГ, НУХАЦТАЙ ХАНДАХ ЁСТОЙ
Нийслэлийн 115-р сургуулийн 12 дугаар ангийн сурагч З.Замилан: Манай үеийнхэн 18 нас хүрч, оюутан болж байна. Залуу үеийнхэндээ хандаж, хийх зүйл яг юу байгаа вэ гэдгийг бүх нэр дэвшигчээс асууна. Дараагийн Ерөнхийлөгч сонгогдох үед бид их сургуулиа төгсөж, ажлын талбарт очих учраас маш ухаалаг, нухацтай хандах ёстой. Бидний хувьд анхны сонгууль учраас ач холбогдолтой, чухал үйл явдал болж байна.
Ж.ЖАРГАЛСАЙХАН: БИ ИРЭЭДҮЙД САНАЛАА ӨГЧ БАЙНА
Сэтгүүлч, БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа Ж.Жаргалсайхан: Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд оролцож, саналаа өглөө. Эх орноосоо хол байгаа ч сонгох эрхээ эдэлсэндээ баяртай байна. Би ирээдүйд саналаа өгч байна. Миний санал, миний хүсдэг тэр мөрөөдлийн хөгжсөн, хүмүүнлэг улс орныг бүтээх учир сонгуульд хариуцлагатай оролцож саналаа заавал өгдөг.