Вьетнам улс өнгөрөгч дөрөвдүгээр сарын сүүлээс эхлэн “COVID-19”-ийн халдварын тархалтад өртөж, цар тахлын нөхцөл байдал хүндрээд байгаа юм.
Тухайлбал, Вьетнамын эрүүл мэндийн яамны мэдээлснээр лхагва гаригт тус улсад “COVID-19”-ийн батлагдсан 241 шинэ тохиолдол бүртгэгдсэний 157 нь үйлдвэрлэл, эдийн засгийн чухал бүс болох нийслэл Ханой хоттой хөрш зэргэлдээ Бак Нинь болон Бак Жиан мужуудад бүртгэгдсэн байна. Улмаар дээрхи мужууд дахь “Samsung”, “Canon” болон “Nike” зэрэг 400 гаруй компанийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаа бүтэн сарын турш зогсонги байдалд ороод байгаа юм.
Гэвч Вьетнамын Эрүүл мэндийн сайд Нгуен Тхан Лонг өнгөрөгч бямба гаригт тус улсын эдийн засгийн зүрх болсон гол бүс нутагт Их Британи болон Энэтхэгээс гаралтай буюу “SARS-CoV-2” вирусийн альфа ба дельта мутацийн эрлийз хувилбар шинээр бүртгэгдсэн талаар мэдэгдсэн. Энэ нь тус улсын олон улс дахь нэр хүнд, аялал жуулчлал, бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагчдад гэнэтийн сөрөг мэдээ болсон юм.
Тэгвэл пүрэв гаригт ДЭМБ Вьетнам улсад “SARS-CoV-2” вирусийн мутацилагдсан шинэ эрлийз хувилбар бүртгэгдээгүй болохыг мэдэгдлээ. Вьетнам улс дахь ДЭМБ-ын төлөөлөгч, доктор Пак Кидонг энэ талаар “Шинээр илрүүлсэн хувилбар нь дельта мутацийн омог бөгөөд цаашид илүү нарийн судлах шаардлагатай. Энэ бол нэмэлт мутаци. Тиймээс одоогийн байдлаар ДЭМБ үүнийг анхааралтай ажиглах вирусийн мутацийн жагсаалтад бүртгэх шаардлагагүй” гэжээ.
Вьетнам улсад өнөөдрийн байдлаар “COVID-19”-ийн халдвар авсан 7972 батлагдсан тохиолдол, 49 нас баралт бүртгэгдээд байна.
Эх сурвалж: Nikkei Asia, Reuters