Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нийслэлийн Геодези, усны барилга, байгууламжийн газар, Хот тохижилтын газар зэрэг Захирагчийн ажлын албаны чиг үүрэг бүхий албан хаагчдын төлөөлөлтэй уулзлаа.
Улаанбаатар хотын үерийн ус зайлуулах байгууламжийн ихэнх нь насжилт өндөртэй
Тэрбээр “Хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх түүхэн шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Тодруулбал, жил бүр 420 тэрбум төгрөгийг улсын төсвөөс нийслэлд өгөхөөр болсон. Цаашид 420 тэрбумаар зогсохгүй урт хугацааны хөрөнгө оруулалтыг татах боломжтой” гэлээ. Мөн УИХ-д хотын хөгжлийг дэмжих Түр хороо байгуулагдсан. Тиймээс Засгийн газар, УИХ-ын түвшинд хотын хөгжлийг дэмжиж байгаа учраас бид хичээн ажиллах хэрэгтэй гэв.
Үүний дараа Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны чиг үүрэг бүхий газрууд хийж, хэрэгжүүлж байгаа ажлаа товч танилцуулсан. Тухайлбал, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг хотын өнгө үзэмжийг сайжруулах чиглэлээр зуны улиралд нэг наст цэцгийг тарьж байгаа талаар дурдлаа. Түүнчлэн Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа борооны ус зайлуулах байгууламжийг засаж, сайжруулсан талаар дурдаад цаашид засварлах шаардлагатай ус зайлуулах байгууламжийн талаар дурдсан юм. Улаанбаатар хотын үерийн ус зайлуулах байгууламжийн ихэнх нь насжилт өндөртэй байгаа аж.