Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн 2016 оны есдүгээр сарын 06-ны өдрийн 05 тоот тогтоол батлагдсантай холбогдуулан өнөөдөр /2016.11.01/ БСШУС-ын сайд Ж.Батсуурь мэдээлэл хийлээ.
Тус тогтоолд Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын 1983 онд гаргасан \”Монгол үсгийн дүрмийн толь”, түүнд хавсаргасан \”Монгол үсгийн дүрэм”-ийг баталгаажуулан дагаж, мөрдөхөөр тусгажээ. Өөрөөр хэлбэл, Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын \”Монгол үсгийн дүрэм”-ийг цаашид баталгаажуулан тогтвортой дагаж, мөрдөнө гэдгийг энэ үеэр БСШУС-ын сайд Ж.Батсуурь онцоллоо. Тэрбээр цааш хэлсэн үгэндээ \”2015 оны хоёрдугаар сард Төрийн албан ёсны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьж, \”Монгол хэлний хууль” болгон цар хүрээг нь өргөтгөн баталсан билээ. Тус хуулийн 8.2–д Кирил болон үндэсний бичгийн зөв бичих дүрэм, түүний өөрчлөлтийг энэ хуулийн 22.1-д заасан эрх бүхий судалгааны байгууллага хариуцан боловсруулж, \”Хэлний бодлогын үндэсний зөвлөл” хэлэлцэн батлах хуулийн заалтыг хэрэгжүүлэх шаардлага, ард түмний хүсэлтийн хамт хүлээж байна. Тиймээс Ц.Дамдинсүрэнгийн зохиосон монголын ард түмний 75 жилийн турш бичиж, хэвшсэн \”Монгол үсгийн дүрэм”-ийг мөрдөж, цаашид ямар нэгэн дүрэм журам ярихгүй, нэг ойлголттой болж байгааг үүгээр зарлаж байна” гэв. Үүнээс гадна Хэлний бодлогын үндэсний зөвлөл зургаан сарын хугацаанд үсгийн дүрмийн журамласан толь бүтээж нийтийн хүртээл, ширээний тольтой болгох ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна. Тухайн толийг гартал Монголын ард түмэн \”Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын 1983 оны үсгийн дүрмийн журамласан толь”-ийг дагаж мөрдөнө.