КОВИД-19-ийн халдварын нөхцөл хүндэрсэн энэ үед Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх эсэхэд иргэдийн дунд талцал үүссэн. Наадмыг зохион байгуулахад 10 тэрбум төгрөг төсөвлөөд байсан бөгөөд зохион байгуулахгүй байх иргэдийн эсэргүүцэл цахим сүлжээнд тархаад байна.
Энэ талаар Соёлын сайд Ч.Номин “Удахгүй улсын баяр наадам болох гэж байгаатай холбоотой цар тахлын нөхцөл байдлыг зайлшгүй тооцож үзэх нь зүйн асуудал билээ. Хүн бүр санаа зовинон, өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж байгаа ч бид аливаад ул суурьтай хандах нь чухал. Тиймээс дараах хэдэн зүйлийн тайлбарыг хүргэж байна.
Нэгдүгээрт, Монголчууд бид эртнээс уламжилж ирсэн өв соёл, төрт ёс, зан заншлын хэлхээ баяр наадамдаа өндөр ач холбогдол өгдөг хэдий ч энэ хүнд цаг үед эрэмбэлэн үзвээс нийгмийн эрүүл мэндийг хамгаалах нь нэн тэргүүний ажил яах аргагүй мөн.
Хоёрдугаарт, баяр наадмыг зохион байгуулах нь шадар сайдын эрхлэх ажилд хамаардаг бөгөөд 9-н салбар хорооны хамтарсан баг ажилладаг. Энэ нь дан ганц Соёлын яам хийдэг ажил биш юм.
Гуравдугаарт, баяр наадмын төсөв Соёлын яаманд бус нийслэл Улаанбаатар хотод хуваарилагдсан байдаг бөгөөд яамны зүгээс болон бусад байгууллагууд үйл ажиллагаагаа хамтран хийж хэрэгжүүлдэг билээ.
Харин хувь хүнийхээ тухайд хүн олноор цугласан арга хэмжээг хийхгүй байх нь зөв гэдэгтэй санал нэг байна. Гэхдээ баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай эцсийн шийдвэр төр засгаас албан ёсоор гараагүй байгаа тул Та бүхэн дархлаагаа унагалгүй, хүлээцтэй байж, олон нийтийн сүлжээнд удаа дараа гарч буй ташаа мэдээлэлд авталгүй албан эх сурвалжаас баттай мэдээлэл авч байхыг хүсье!” хэмээн тайлбар өглөө.