Дархан-Уул болон Орхон аймгийн Онцгой комисс өнөөдөр /2021.06.14/ хуралдаж КОВИД-19-ийн нөхцөл байдлыг үнэлэн зарим шийдвэрийг гаргажээ.
- Дархан сум руу орох, гаргах хөдөлгөөнийг хязгаарлана. /Зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаантай, вакцины 2 тунд бүрэн хамрагдсан PCR шинжилгээтэй иргэдийг нэвтрүүлнэ.
- Шарын гол сум руу орох, гарах хөдөлгөөнийг 14 хоногийн хугацаанд хязгаарлах шийдвэр гаргажээ.
Учир нь “2021.05.22 -ноос хот хоорондын зорчих хөдөлгөөн нээгдсэнтэй холбоотойгоор Дарханд ирэх иргэдийн урсгал эрс нэмэгдсэн. Сүүлийн 24 цагт 74 тохиолдол батлагдсанаар 2021.5.28-наас 2021.6.14 хүртэл гурав дахь давлагаагаар нийт батлагдсан тохиолдлын тоо 361 боллоо. Өвчилсөн хүмүүсийн 32.4 хувь нь хүүхэд байгаа ба бүртгэгдсэн халдваруудын 80 гаруй хувь нь Улаанбаатар хот болон Төв, Сэлэнгэ зэрэг аймгаас зөөвөрлөгдөн ирсэн хүмүүс байна. Өвчлөгсдийн 87 хувь нь ковидын эсрэг вакцинд хамрагдсан. Огт вакцинд хамрагдаагүй 110 хүн бий” гэдгийг тус аймгийн онцгой комиссоор мэдээлэв.
Мөн цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор дараах шийдвэрийг Дархан-Уул аймгийн онцгой комиссоос гаргажээ.
- Дотооддоо ААНБ-уудын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлнэ. Харин бүх төрийн байгууллагууд ажилтан албан хаагчдынхаа 30 хүртэл хувийг ажиллуулна.
- Нийтийг хамарсан үйл ажиллагааг хязгаарлана. \Одонгийн найр, үсний найр, хамт олны аялал зугаалга, уралдаан тэмцээн г.м\
- Төрийн болон хувийн хэвшлийн бүх ААНБ-ууд дээрх үйл ажиллагаанд оролцохгүй байх
- Хүүхдэд зориулсан бүх төрлийн үйл ажиллагааг хязгаарлана. /дугуйлан секц, үзвэр үйлчилгээ, тоглоомын төв г/м/
- Сүм хийдүүд онлайнаар хаалттай горимоор үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ.
- Ресторан, баар, саун, бассейн зэрэг үйлчилгээний газрууд нэг дор 10 аас дээш хүн бөөгнүүлэхгүй.
- Амралт, сувиллын газруудад гаднаас амрагч авахгүй байх. \Ахмадууд гадагш амралт сувилалд явахгүй байх\
- Зулзагын ногоон бүсэд зөвхөн гэр бүлээрээ явах. \10-аас дээш хүнтэй албан байгууллага, хамт олон найз нөхдөөрөө аялж зугаалахгүй байх\
ОРХОН АЙМАГ ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛСЭН ХУГАЦААГАА ЭНЭ САРЫН 30-НЫГ ХҮРТЭЛ СУНГАВ
Харин Орхон аймгийн хувьд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны зургаадугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгаж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсныг тус аймгийн онцгой комисс мөн мэдээлэв.