Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Ж.Энхнасанг шатрын спортоор хичээллэж амжилт гаргахын зэрэгцээ нийтэд түгээн дэлгэрүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны 08-р сарын 18-ны өдрийн А08 тоот тушаалаар \”Шатрын спортын дэд мастер” цол тэмдгээр шагналаа.
Шагнал гардуулах арга хэмжээ 2016 оны 11-р сарын 03-ны өдөр Улсын Ерөнхий прокурорын газарт болж Дэлхийн шатрын холбооны \”Шатрыг сургуулиудад дэлгэрүүлэх хөтөлбөр”-ийн Монгол дахь ёсны төлөөлөгч, Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч Ц.Цогбаяр гардуулан өгч баяр хүргэлээ.
Тус арга хэмжээнд Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор, Шатрын спортын мастер Т.Баярсайхан байлцлаа.
Ж.Энхнасан нь 1993-1996 онд Улсын Ерөнхий прокурорын орлогчоор томилогдон ажиллаж байсан ба удам дамжсан шатарчин юм. Түүний аав Б.Жамсран нь Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож 2 удаа мөнгө, 3 удаа хүрэл медаль хүртсэн ба Улаанбаатар хотын удаа дараагийн аварга, Монгол Улсын шатрын мастер бөгөөд Монголын шатрын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байжээ.