Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж 2016.11.04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн үйл ажиллагаа, ажиллах нөхцөл байдалтай танилцаж, шүүгч ажилтнуудын санал сэтгэгдлийг сонссоноос гадна орон нутгийн иргэдтэй уулзалт хийсэн юм.
27 мянган хүн амтай Мандал сумын \”Мөнгөн хараа” чуулгын байранд 500 иргэдтэй хийсэн уулзалтдаа профессор Н.Лүндэндорж МУ-ын Ерөнхийлөгчийн санаачлан эхлүүлсэн шүүхийн шинэтгэлийн бодлого, түүний хэрэгжилт, ололт амжилт, цаашдын зорилтын талаар дэлгэрэнгүй ярьж, шүүхийн талаархи иргэдийн санал сэтгэгдлийг сонсож, сонирхсон асуултад нь хариулт өгөв. Уулзалтын дараа тус сумын \”Мандал” телевиз болон МҮОНТ-ийн \”Монголын мэдээ” агентлагт өгсөн түүний ярилцлагаас товчлон хүргэж байна.
-Та хөдөө орон нутгийн шүүхүүдэд ажиллаж, иргэдтэй уулзалт хийж Монгол орноо бараг тойрчээ. Энэ удаагийн томилолтын онцлог юу байв? Иргэд таньд ямар санал шүүмж уламжилж байна вэ?
-Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа шүүгчид, ажилтнуудын тулгамдаж байгаа асуудал, санал хүсэлт юу байв?
– Шүүгч, ажилтнууд \”Шүүхийн шинэтгэлийг цаашид хийхэд нэг том дарамт бол эдийн засгийн хямрал, түүнтэй холбоотой төсвийн хомсдол болж байгаа юм биш үү. Цалин хангамж, бензин шатахууны зардал багасаж байгаатай холбогдуулаад шүүх эрх мэдлийн хүний нөөцийн чадавх сулрах хандлага бий болох нь” гэсэн болгоомжлолуудыг хэлж байна. Нэгэнт Монгол улсын эдийн засаг хүнд хэцүү байгаа нөхцөлд шүүх гэсэн энэ \”айл” бүхэл бүтэн эрх мэдэл гэдгээрээ далайлгаж, тансаг орчинтой байх ёстой, илүү төсөв авах хэрэгтэй гэж хандмааргүй байна. Хүнд хэцүү цаг үеийг бид ойлгож байна.
-Шүүхийн ерөнхий зөвлөлийн төсвийг багасгаж байгаа тухайд та юу хэлэхсэн бол?
– Хууль тогтоогч нар бусад яам, тамгын газрын зардлыг хасахгүйгээр манай ажлын албаны төсвийг хоёр дахин багасгаж байгааг би нэг их буруушаахгүй байгаа. Ер нь шүүхийг бусад хоёр эрх мэдэл халамжлаад л, илүү төсөв өгөөд л, харж хандаад байх юм бол шүүхэд итгэх иргэдийн итгэл суларна. Хань хамсаатнаа л хүн дандаа харж үзэж байдаг болохоос харилцан хяналт тавьдаг хянагчийгаа тэр бүр дэмжээд байдаггүй. Тэгэхээр энэ УИХ, Засгийн газраас гаргаж байгаа шийдвэрийг би шүүх иргэд, олон нийтэд зөв харагдаж байгаа юм байна, шүүх бие даасан юм байна, хараат бус болсон юм байна гэдэг талаас нь хараасай гэж хүсч байна. Шүүхийн төсвийг хасчихлаа, хяначихлаа, бид хэцүүдлээ гэж битгий бод, та нар хараат бус ажиллаж чадаж байгаагийн чинь илрэл гэж эерэг талаас нь эдийн засгийн хүнд нөхцөлд цайруулж бодоорой гэж шүүгч, ажилтнууддаа би захисан.
-Шүүхийн шинэтгэлээр иргэдийн итгэл эрс дээшилсэн гэдгийг уулзалтаар хэлж байна. Монголын бүх шүүхээр тойроод, иргэдтэй уулзаж байгаагийн хувьд бусад газруудад хандлага ямар байна вэ?
– Монгол улсын бүх аймгуудаар яваад иргэдтэй уулзахад энэ нь давтагдаж байна. Намайг анх 2013 онд зүүн аймгуудаар явахад ер нь шүүгч болдоггүй, тэгээд болдоггүй гэсэн дуу хоолой гарч байсан бол сүүлийн жилүүдэд шүүх өөрчлөгдсөн байна, мэдэрч байна, орон нутагт хууль зөрчиж ажил төрлөөс хоморголон халдаг шахдаг явдлыг шүүх шударгаар шийдвэрлэдэг болсон байна гэж хэлж байгаа. Шүүх шинэчлэгдэж байгаа тухайд иргэд эргэлзэхээ больсон байна. Шүүхийн шинэтгэл иргэдэд хүрчээ. Өнөөдөр Мандал сумын иргэдийн хэлдэг шиг цагдаагийн байгууллагаа, шийдвэр гүйцэтгэлээ, прокурорын байгууллагаа, хуулиа шинэчлээч гэдэг санал бараг бүх аймгуудад давтагдаж байгаа. Тийм учраас энэ бол нийтлэг асуудал болжээ. Үүнийг Монголын төр засаг цаашдаа анхаарах ёстой асуудал байна. Энэ нь олон нийтийн дуу хоолой болж, давтагдаж эхэлж байна.
Шүүхийн хэвлэл мэдэлэл, олон нийттэй харилцах хэлтэс