Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд шинэ Эрүүл мэндийн төв нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн \”Улсын төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр Бүрэнтогтохчууд шинэ Эрүүл мэндийн төвтэй боллоо. Сумын иргэд заавал аймгийн төвийг зорилгүй эндээ эрүүл мэндийн үйлчилгээ авах нөхцөл бүрдсэн нь маш чухал. Нөгөөтэйгүүр алслагдсан багуудын иргэдэд шинэ Эрүүл мэндийн төв маань үйлчлэх учиртай. Одоо эмч, мэргэжилтнүүд ажлаа сайн хийх үлдлээ” хэмээн онцлов.
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Хотгойдын Чингүнжавын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн шинэ байртай УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн танилцсан юм. Нэг тэрбум есөн зуун тавин сая төгрөгийн өртөгтэй энэ сургууль ашиглалтад орсноор сум төдийгүй алслагдсан багуудын хүүхдүүд сургуульд хамрагдах боломжтой болжээ.
Түүнчлэн тус аймгийн Их-Уул суманд улсын төсвийн 850 сая төгрөгийн хөрөнгөөр баригдсан Сум дундын эмнэлэг ашиглалтад оржээ. Уг эмнэлэг нь зэргэлдээ Рашаант, Тариалан, Бүрэнтогтох, Тосонцэнгэл гэсэн 4 сумын иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх юм байна.