Сайн байна уу сайхан охин минь… Чи үнэхээр үзэсгэлэнтэй гоо сайхан юм. Магадгүй чамайг харсан залуус эргэж харалгүй өнгөрч эс чадна. Тиймээ залуу насандаа эмээ нь яг чам шиг ийм л сайхан байсан юм. Гэхдээ намайг одоо хэн ч тийм байсан гэхэд итгэхгүй байх. Тухайн үед бүгд л намайг гэж, би ч сайхан төрсөндөө баярлаж бардамнадаг байлаа.Тэр ч бүү хэл өөрийн гоо сайхандаа бардаж, олон ч хүнийг гомдоож байсан даа. Одоо бодоход дэндүү харамсмаар.
Надад бүх зүйл байсан. Сайхан хайр, найз нөхөд, тансаг хувцас хэрэглэл, үнэтэй машин гээд л… Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэр бүх зүйлс надаас нүүрээ буруулж холдсоор л. Гэсэн ч удалгүй буцаад л шинэ танил, шинэ хайр чамин зүйлс… Иймээс би алдсан зүйлдээ огтхон ч харамсдаггүй байлаа. Чамаас салахад намайг гэх сайхан залуус олон байгаа, илүү сайхан зүйлс ч надад ирнэ. Ер нь энэ залууд юу байгаа юм гэж голж гоочилно. Тиймээс түүнээс салахын тулд элдэв ааш араншин гаргана. Ингээд л хүссэндээ хүрч, илүү сайхан гэж бодсон түүн рүү хандархана. Үнэндээ утгагүй… Хайран ч сайхан залуу нас, гоо сайхан, үнэнч сайн найзууд, үүрд хайрлана гэсэн түүний сэтгэл. Энэ бүгдийг би үгүй хийсэн. Хэнээс ч биш.Зөвхөн өөрөөсөө болж шүү дээ. Одоо надад үрчийж, хорчийсон царай, өвдөж туйлдсан бие л үлдэж. Эргээд бодоход надад бүх зүйл байсан мэт санагдавч хамгийн нандин тэр л зүйлээ би хөсөр хаяжээ. Хүн гадаад гоо сайхнаа яаж ч өөрчилж болно. Харин дотоод гоо сайхан, хүн чанар гэдэг хамгаас эрхэм зүйл шүү охин минь. Эмээ нь алдсан. Алдсаныхаа хариуг ч авсан. Харин миний бяцхан, хонгорхон охин минь чи бүү алдаарай. Хүний хамгийн сайхан нас бол залуу нас. Залуу насандаа өөртөө мөн бусдад хэрэгтэй зүйл хийж, хамгийн гол нь хүн чанараа бүү гээгээрэй. Гадаад гоо сайхан чамаас өдөр ирэх тусам холдоно. Харин дотоод сэтгэл чинь ариун байх ёстой шүү. Тэр л чамтай үүрд хамт байж, чамд үнэнч бөгөөд үүрдийн гайхалтай бэлгүүдийг авчрах болно.
Гоо сайхан ертөнцийг аварна гэдэг. Гэвч зөв сэтгэл, зөв жолоодлоготой л байх хэрэгтэй.