\”Иргэдээ өмөөрч бичнэ” уриатай \”Зууны мэдээ” сонин төрийн албанаас үндэслэлгүй халагдсан иргэдийн мэдээллийн дагуу, тэдний эрх ашгийг хамгаалах зорилгоор мэдээ, сурвалжлага, нийтлэлийг хүргэж байгаа билээ. Энэ удаад бидэнд \”Геологийн төв лаборатори” ТӨҮГ-ын ажилтнууд хандсан юм.
Тэдний ярьж буйгаар тус лабораторийн захирал Ө.Оюунбаатар энэ сарын 1-ний өдөр 60 гаруй мэргэжилтнийг ажлаас халаах тушаал гаргажээ. Ингээд дээрх хүмүүст мэдэгдэх хуудас өгсөн байна. Уг нь \”Геологийн төв лаборатори” ТӨҮГ нь Монголдоо хамгийн том, геологи, уул уурхайн гол шинжилгээ, судалгаа хийдэг байгууллага юм. Мөн 2015 онд \”ISO/IEC 17025” лабораторид тавих ерөнхий стандарт, \”ISO Guide 34” аттестатчилсан стандартчилсан загвар, түүнийг зохион бүтээгчдэд тавих олон улсын стандарт, ур чадварын сорилт зохион байгуулагчид тавигдах шаардлага \”ISO/IEC 17043” стандартыг хангаж, гурвалсан итгэмжлэл бүхий Монголын анхны лаборатори болсон юм. Тэр ч утгаараа 170 гаруй нарийн мэргэжлийн геологич, инженер техникийн ажилтнуудтай ажилласаар иржээ.
Гэтэл тус лабораторийн ерөнхий захирлаар очоод хоёр сар болж буй Ө.Оюунбаатар ийн 60 гаруй мэргэжилтнийг нэг дор халах тушаал гаргасан байна. Ө.Оюунбаатар өмнө нь Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Геологийн бодлогын газрын даргын албыг хашиж байжээ. Мөн түүнийг УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүн гэх жиг жуг яриа бас бий. Ө.Оюунбаатарын тушаал гарган ажлаас халсан хүмүүсийн дунд нарийн мэргэжлийн геологич, инженер техникийн ажилтнууд орсон гэнэ. Тэр ч бүү хэл, жирэмсэн эмэгтэй ч халагдах мэдэгдэл гардаад байгаа сурагтай. Хөдөлмөрийн хуулийг ноцтой зөрчсөн энэ үйлдэлд \”Геологийн төв лаборатори” ТӨҮГ-ын Үйлдвэрийн эвлэлийн хороо нь ямар байр суурьтай байгааг сонирхлоо.
Тус хорооны дарга н.Тэгшжаргал энэ талаар \”…Манай захирал солигдсон. Үүнтэй холбоотой бүтэц өөрчлөгдсөн. Ер нь манай байгууллага санхүүгийн хүндрэлтэй байгаа. Төрийн өмчийн хорооноос бүтэц шинээр батлагдаж ирсэн учраас зарим нэг тасаг, нэгж хоорондоо нэгдэж байгаа. Энэ нь нэг тасгаас нөгөө тасаг рүү ажилтнуудыг нэгтгэж байгаа л ажил. Ингэхдээ ажилтнуудад хуулийн дагуу 45 хоногийн өмнө мэдэгдэл өгч байгаа. Үйлдвэрчний эвлэл хөдөлмөрчин, жирийн ажилтныг халахыг эсэргүүцнэ. Гэхдээ манайх бүтцийн хувьд данхар байсан. Санхүүгийн хүндрэлээс гарахын тулд бүтэц өөрчилж байгаа. Гэхдээ энэ ажилтнуудыг Үйлдвэрчний байгууллагын зүгээс ажлаас нь гаргахгүй байх талаас ажиллана” гэлээ.
Ийн \”Геологийн төв лаборатори” ТӨҮГ мэргэжилтнүүдийг ажлаас нь бөөнөөр хоморголон халж буй байгууллагуудын нэг боллоо. Тайлбар нь нөгөө л \”Санхүүгийн хүндрэл, бас бүтцийн өөрчлөлт…” ажээ.
Эх сурвалж: \”Зууны мэдээ” сонин