Хүйтний ам наашилсан энэ үед иргэд өвлийн бэлтгэлээ базаадаг. Энэ үед нийслэлийн хүн амын дал гаруй хувийг эзэлдэг гэр хорооллынхон өвөлдөө хэдийнэ бэлтгээд эхэлжээ. Эдгээр айл өрхүүдийн өвлийн түлшний хэрэгцээг хангах хамгийн ойрхон эх үүсвэр нь Налайх, Багануурын уурхай.
Жил бүрийн намар түлээ, нүүрсний үнэ хамгийн хямд тооцогддог бөгөөд хүйтний эрч чангарах тусам нэмэгдэх нь бий. Энэ жил түлээ, нүүрсний үнэ хамгийн хямд байгаа гэж иргэд ярьж байна.
Өвлийн бэлтгэлээ базаах энэ үеэр боломжтой нэгэн нь нүүрс түлээгээ их хэмжээгээр бэлтгэдэг бол амьжиргааны төвшин доогуур айл өрхүүд шуудайгаар нь худалдан авч хүйтнийг давдаг. Тиймээс түлээ, нүүрсний үнэ хэд байгааг сонирхохоор Цайз захыг зорилоо.
Цайз захад
- Том портер нүүрс 210000 төгрөг
- Жижиг портер нүүрс 140000 төгрөг
- Том шуудай нүүрс 3000-3500 төгрөг
- Жижиг шуудай нүүрс 1500-2500 төгрөг
- Том шуудай түлээ 4000 төгрөг
- Жижиг шуудай түлээ 2500 төгрөгийн үнэтэй байна.
Цайз захад түлээ, нүүрс зарж борлуулдаг ченжээс дараах хэдэн зүйлийг тодрууллаа.
-Түлээ нүүрс өдөртөө хэр зарагддаг вэ?
-Энэ жил харьцангуй бага байна. Гэхдээ хүйтний эрч чангарах тусам хүмүүс худалдан авалт ихсэнэ.
-Иргэд ихэнхдээ ямар хэмжээгээр худалдаж авдаг вэ?
-Янз бүр дээ. Мөнгөтэй нэг нь машинаар авдаг бол зарим нэг нь шуудайгаар нь авдаг.
–Энэ жил нүүрсний үнэ өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад ямар төвшинд байна вэ?
-Нүүрсний үнэ хямд байгаа. Түрүү жилийнхтэй харьцуулахад 10000-20000 төгрөгөөр хямд зарагдаж байна. Худалдан авч байгаа иргэд хол, ойр хүргүүлэхээс хамааран 5-10 мянган төгрөг хямдруулж, бөөнөөр нь авбал \”сайн яриад” өгдөг.
Нүүрс нь дотроо шаталт сайтай, асалт удаантай, тортогтой, тортоггүй гэх мэт олон янз. Хотод орж ирж буй нүүрсний дийлэнх нь Налайхын нүүрс. Уг нь Багануурын нүүрс тортог ихтэйгээс гадна олборлолтын зардал нь Налайхаас харьцангуй бага байдаг хэдий ч хол учраас нийслэл рүү хүргэхэд зардал нь өсдөг гэнэ.