Хэдхэн цагийн дараа манай гаригийн хамгийн хүчирхэг гүрэн болох Америкийн нэгдсэн улсын 45 дахь удаагийн Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн эцсийн дүн гарах гэж байна. К.Хиллари, Д.Трамп хоёрын хэн ялсан нь тус улсын төрийн болон засгийн газрын тэргүүн болж жилийн 3,5 их наяд ам.долларын төсөв бүхий дэлхийн хамгийн том, хамгийн хүчирхэг эдийн засгийг удирдана гэсэн үг юм. Энэ бол үнэхээр санаанд багтамгүй том тоо ба манай улсын жилийн төсвөөс
даруй 1000 дахин том гэхээр багцаа бууж магадгүй. Түүнчлэн шинээр сонгогдох ерөнхийлөгч нь АНУ-ын Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувиар 1,4 сая цэрэг бүхий дэлхийн хамгийн хүчирхэг армийг удирдахаар болж байгаа юм.
Дэлхийн голлох мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж буй мэдээлэлд үндэслээд энэ удаагийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч К.Хиллари сонгогдох байх гэж таамаглаж байна. Хэрвээ Хиллари сонгогдвол Америкчууд түүхэндээ анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй болох ба тун ч онцлог сонгууль болж өнгөрнө. Эндээс америкчууд их сониуч зантай хүмүүс юм гэсэн дүгнэлт ч урган гарч байх шиг. Гэхдээ нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны үеэр ард түмэндээ өөрийгөө таниулах, сонгогдвол юу хийх вэ гэдгээ харуулах, үнэмшүүлэхийн тулд мөн ч бэрх замыг туулах шиг боллоо. Ёстой л бүх юмаа шавхаж \”чардайж\” байж ялагч нь тодордог сонгуулийн системтэй улс юм. Сонгуулийн эцсийн дүнг зарлахад тун бага хугацаа үлдлээ дээ.
Р.Энхболд
Үндэстэн агентлаг