Австралийн хамгийн олон хүн амтай Сидней хот 11 долоо хоног үргэлжилсэн хөл хорионы дэглэмээ сулрууллаа.
Тус хот нийт хүн амынхаа 70 хувийг вакцины бүрэн тунд хамруулсан тул Австрали улсын Засгийн газар дээрх шийдвэрийг гаргасан байна. Өөрөөр хэлбэл “коронавирус”-ийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан хүмүүс олон нийтийн газраар үйлчлүүлж болох ажээ.
Австралийн Сидней, Мельбурн зэрэг хотод “коронавирус”-ийн халдварын “Дельта” хувилбар хурдтай тархаад байгаа юм. Тус улс өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш хилээ хаагаад байна.
Харин Япон улсад “коронавирус”-ийн халдварын тархалт эрчимжиж, “Дельта” хувилбар хурдтай газар авч байна. Үүнтэй холбоотойгоор тус улс Токио, Осака зэрэг 19 бүс нутагт онц байдлын дэглэмээ энэ сар дуустал сунгалаа. Мөн Японы хилээр нэвтрэх вакцинд хамрагдсан иргэдийг тусгаарлах хугацааг 10 хоног болгон бууруулахаар төлөвлөж байгааг “Nikkei” мэдээллээ.
Үүнээс гадна АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Төрийн хаагчдыг вакцинд заавал хамрагдахыг шаардлаа. Мөн хувийн хэвшлийн компаниуд ажилтнуудаа вакцинд хамрагдахыг уриалаад байгаа юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден
“Вакцинд хамрагдах нь эрх чөлөөний асуудал ердөө биш. Аль эсвэл хувь хүний сонголтын асуудал ч биш. Энэ бол халдвараас өөрийгөө болон хайртай дотнын хүмүүс, хамтран ажиллагсад гээд өөрийн эргэн тойронд байгаа хүмүүсээ хамгаалах асуудал юм” гэж мэдэгдлээ.