АНУ-ын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтын төв энэ оны 4-7 дугаар сард халдвар авсан 600 мянган хүнийг судалгаанд хамруулжээ. Судалгааны үр дүнд ковид-19 вакцин тариулаагүй иргэдийн халдвар авах эрсдэл 4.5 дахин, нас барах эрсдэл тариулсан иргэдтэй харьцуулахад 11 дахин их байгааг тогтоосон байна.
Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтын төвийн дарга Рочел Валенский “Бид 13 мужийн 187 эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, 18-аас дээш насны, 600 мянган хүнийг судалгаанд хамруулав. Энэ судалгаа вакцины үр нөлөөг шинэ шатанд гаргалаа” гэжээ.
Ковид-19-ийн шинж тэмдэг илэрсэн, вакцин хийлгээгүй иргэдийн 18.9 хувьд нь халдвар илэрсэн бол шинж тэмдэг илэрсэн, дархлаажуулалтад хамрагдсан иргэдийн 3.1 хувьд нь эерэг хариу гарчээ.
Мөн 75-аас дээш настай, вакцин хийлгэсэн иргэдийн 76 хувийг л вакцин халдвараас сэргийлж байгааг тогтоожээ. Аль вакцины үйлчлэл илүү өндөр байгааг тооцоход Модернагийн вакцин бүх насныхныг хамгийн өндөр буюу 95 хувьтай хамгаалж, Пфайзер 80 хувь, Жонсон&Жонсоны вакцин нийт тариулсан иргэдийн 60 хувьд нь дархлаа тогтоожээ.
Энэ судалгааг АНУ-д дельта хувилбар тархсаны дараа хийснээрээ онцлог. Гэсэн ч өмнөх судалгааны дүнгүүдийг давтан баталгаажуулсан тул вакцин дельта хувилбарын эсрэг үр дүнтэй байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. АНУ-ын нийт иргэдийн 54 хувь нь хоёр тун вакцин хийлгэсэн байна.
Эх сурвалж: gogo.mn