Саудын Арабын гүнж, тус улсын Дотоод Хэргийн Сайд асан Навеф бин Абдул-Азизийн экс эхнэр болох Маха ал-Судаири нь дэлхий нийтэд хамгийн үрэлгэн, бөгөөд дэлгүүр хэсэх донтойгоороо алдартай гүнж юм.
Гүнж Махагийн хувийн амьдралыг сөхөж үзвэл, тэрээр өөрийн экс нөхөр Навеф бин Абдул-Азизийн үеэл байсан бөгөөд, нөхрийнхөө гурав дахь эхнэр нь болон гэрлэжээ. Хамтран амьдарсан гучин жилийн хугацаандаа таван хүүхэд төрүүлж, улмаар 2012 онд гэр бүлээ цуцлуулжээ. Гэр бүлээ цуцлуулснаас хойш тун удалгүй буюу тэр оныхоо зургаадугаар сард экс нөхөр Навеф бин Абдул Азиз биеийн байдлын улмаас нас барсан байна. Сонирхолтой нь гүнжийн төрсөн он, нас гэх мэт хувийн мэдээллүүд олон нийтийн хэрэгсэл болон интернет сүлжээнд огт тэмдэглэгдээгүй байдаг байна.
Эрдэнийн чулуугаар гоёсон гүнж Маха
Гүнж Махад нэгэн зуршил бий нь өнөөгийн нийгэмд нэрлэдгээр \”Шопахолик дон\” юм. Түүнийг өөртөө болон бусдад ямар ч хэрэгцээгүй худалдан авалт хийдгээрээ алдартай болсны эхний жишээгээр, Маха нь Флорида дахь Саятны Эгнээ хороололд хоёр сая долларын үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө худалдан авч, тус байшингаа өөрийнх нь үнийг хоёр дахин нугалж буюу дөрвөн сая ам. доллараар засан тохижуулж олны амыг ангайлгаж байсныг дурдаж болно.
Энэ мэтчилэн, 2009 онд Парисийн дэлгүүрүүдээс 20 сая долларын худалдан авалт хийсэн нь түүний өдөр тутмын амьдралд огтхон ч гайхахаар зүйл биш юм. Нэг удаагийн худалдан авалтаараа зөвхөн дотуур хувцсанд л гэхэд ерэн найман ам. мянган доллар үрдэг түүний дэлгүүр хэссэн түүхүүд дуусашгүй юм.
Түүнийг дэлгүүр хэсэх болгонд ачааг нь дөрвөн ачааны машин зөөж өгдөг байна. Саудын Араб улсад эмэгтэй хүн хуулийн дагуу машин жолоодох эрхгүй байдаг. Тиймээс ч Маха гүнж хэзээ ч жолоодохгүй машинд мөнгөө үрж, Ламборгини, Феррари гэх мэт машинуудаар гаражаа дүүргэдэг байна. Түүний зочид буудлын өрөөнд орж үзсэн хүмүүс хэлэхдээ түүний худалдан авсан ачаа барааны ихэнх нь огт гар хүрээгүй, задлаагүй байдаг гэжээ. Нэг ёсондоо тэрээр, зүгээр л үнэтэй дэлгүүрийн барааг үнэ төлөн хадгалж өгдөг гэмээр.
Хамгийн хачирхалтай нь дээд зиндааны энэ гүнж өөртөө баймгүй зан авир үе үехэн гаргадаг аж. Түүний хамгийн сүүлийн сенсаци нь 2012 оны арванхоёрдугаар сараас эхлэн Парис дахь Шангри-Ла зочид буудалд таван сарын турш хөлслөн амьдарсан 41 өрөө бүхий долдугаар давхрыг түрээсэлсний төлбөр болох 7.4 сая ам. долларын тооцоогоо хийхээсээ зайлсхийж, шөнийн гурван цагийн үед зугтааснаасаа болон саатуулагдсан явдал юм. Үүний хариуд Маха мэдэгдэхдээ, \”Цагдаа нар миний дипломат эрхэнд халдлаа” хэмээн нэгэн таван одтой буудлыг зорьж, Франц улсыг орхисон байна.
Парис хот дахь Шангри-Ла зочид буудал
Ингэхдээ тэрээр арван нэгэн сая евро бүхий үнэтэй худалдан авсан эд зүйлсээ Франц дахь өөрийн эзэмшлийн гурван агуулахад үлдээсэн бөгөөд, эдгээр барааны тооцоог бас л хийгээгүй байсан аж. Тиймээс мөнгөө авч чадахгүй байсан дэлгүүрийн эзэд шүүхийн шийдвэрийн дагуу түүний эд зүйлсийг дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж байсан байна.
Түүний худалдан авсан огт хэрэглээгүй эд зүйлс
Дэлгүүр хэсэхэд донтохоос гадна түүний биеэ авч явах тал дээр дутагдал бий. 1995 онд тэрээр өөрөөс нь хоёр зуун мянган ам. долларын үнэ бүхий зүйлс хулгайлсан хэмээн сэжиглэснэсээ болж гэрийн үйлчлэгчээ зодож, Флоридагийн ``Orange County`` нэртэй шоронд саатуулагдаж байсан түүх бас байдаг байна.
Юм худалдан авах хүслээ хянаж чаддаггүй дараа төлбөрт амьдралаар амьдарч буй гүнжид тансаглахаас өөр ажил үлдээгүй бололтой Түүний хувьд авахыг хүссэн зүйлээ авсан байх нь л нэгдүгээрт бөгөөд, тооцооны асуудал нь харин дараагийн асуудал аж.
Г.СҮМБЭЭ