Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Тамхины хяналтын суурь конвенцид нэгдэн орсон орнуудын 7-р чуулга уулзалт Энэтхэг улсын шинэ дэли хотод зохион байгуулагдаж байна. Уг чуулганд эрүүл мэндийн сайдын зөвлөх Б.Цэцэгсайхан, ЭМЯ-ны халдварт бус өвчний сэргийлэлт, хяналт хариуцсан мэргэжилтэн Д.Байгалмаа нар оролцож байна.
Тус чуулганд гишүүн 180 орны 1300 гаруй төлөөлөгчид, тамхины хяналтын асуудлаар үйл ажиллагаа явуулдаг олон улсын болон засгийн газар хоорондын байгууллагууд, ажиглагч улс орны 500 төлөөлөгч оролцож байгаа юм. Хурлаар тамхины хяналтын асуудлууд, тухайлбал улс орнуудын тамхины хяналтын суурь конвенцийн хэрэгжилтийг заалт бүрээр хэлэлцэж, усан, электрон тамхи, үйлдвэрлэгчдийн нөлөөлөл, хууль бус тамхи үйлдвэрлэл, худалдаа, илрүүлэлт, улс орнуудын гишүүнчлэлийн татвар төлөлт зэрэг асуудлыг авч үзэж байгаагаар онцлог болж байна.