Өчигдөр Шаргаморьтын гүүрэн дээр нийслэлийн Гамшгаас хамгаалах Автозамын албаны сургалт боллоо. Гамшгаас хамгаалах, үер, хөлдөлт, цасан шуургатай тэмцэх алба, авто замын албаны бэлэн байдлыг дээшлүүлэх, гамшгийн голомтод орон тооны бус штаб болон мэргэжлийн ангийн томилгоот бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлэх, аврах, хор уршгийг арилгах, харилцан ажиллагааны шуурхай арга хэмжээг хангах зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулсан юм.
Сургалтад Нийслэлийн Автозамын хөгжлийн газар, Улаанбаатар зам засвар арчлалтын газар, нийслэлийн Онцгой байдлын газар, Геодези, усны барилга байгууламжийн газрын нийт 100 гаруй ажилтан, албан хаагчид оролцож, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа.
Нийслэлийн Онцгой байдлын газраас өгсөн дохионы дагуу гамшиг тохиож, зам гүүр эвдэрсэн нөхцөлд хэрхэн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, түгжрэл үүсгэхгүй тулд нөөц зам барих, хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагаа явуулахыг үзүүллээ. Сургалтын үеэр гүүрний нэг урсгалыг хааж, нөгөө урсгалыг хуваан 2 урсгалд шилжүүлэх, гүүрний эвдэрсэн урсгалыг засварлах, нөөц зам гаргах ажлыг хийлээ.
Нийслэлийн Онцгой байдлын газраас Гамшгаас хамгаалах Автозамын албаны сургалтыг амжилттай боллоо гэж дүгнэлээ гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.