УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат цагдан хорих 461 дүгээр ангид гэнэтийн “шалгалт”-аар очив. Тэрбээр урьдчилан мэдэгдэхгүйгээр тус ангид очсон бөгөөд хорих ангийн даргад мэдэгдэх хооронд хаалган дээр бухимдлаа.
Тэрээр хамгаалалтын ажилтан руу “Би бол төр төлөөлж байгаа хүн шүү, ойлгож байна уу. Та нарын ажлыг харахаар ирсэн. УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны гишүүн, төрийг төлөөлж байгаа хүн хүний эрхийг хэрхэн хангаж байгааг шалгахаар ирлээ” хэмээн “томорч”, МАН-ын засаглалын үед хүний эрхийг хаа сайгүй зөрчдөг хэмээн уурлаж бухимдлаа.
Хорих ангийн зүгээс УИХ-ын гишүүн Д.Ганбатыг оруулсан ч тэрбээр АН-ын бүлгийн ажлын албаны хүмүүсийг хамт оруулахыг шаардаж, дайрав. Д.Ганбат гишүүн өөрөө гэнэтийн байдлаар очсон бөгөөд хамт яваа хүмүүсийг нь зөвшөөрөлгүйгээр хориотой бүс рүү оруулахгүй гэдгийг хорих ангийн хамгаалалтын ажилтнууд тайлбарлав. Тус ангид Э.Одбаяр, Д.Монголхүү нарын хүмүүс хорьж байгаа юм.