УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын иргэнийг зодож, хүндээр гэмтээсэн гэх мэдээлэл цахим орчинд шуугиж байна. Энэ асуудлыг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодрууллаа.
-УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан гадаадын иргэнийг зодсон гэх мэдээлэл үнэн үү?
-Энэ асуудлыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа.
-Хэрэг хэзээ гарсан бэ. Хэзээнээс шалгаж эхлэв?
-Дуудлага мэдээллийн дагуу өчигдрөөс эхлэн Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
-Тэгэхээр уг хэрэг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт гарсан гэсэн үг үү?
-Тэгж ойлгож болно. Хэргийг шалгаж буй учир илүү мэдээлэл өгөх боломжгүй байна гэлээ.
Харин УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан энэ асуудлаар “Хятадын зам гүүрний компанитай би холбоогүй. Тэр хүнийг би огт танихгүй. Цагдаагийн байгууллага шалгаж байгаа болохоор эцсийн шийдвэр нь гарахыг хүлээе. Та нар намайг харж байгаа биз дээ. Би өөрөө хөл гар муутай, таягтай хэчнээн сар явж байгаа хүн. Яаж хүн зодох вэ дээ. Энэ бол худлаа мэдээлэл” гэв.