Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ургац хураалтын дүн мэдээ, мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.
Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулсан Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат танилцуулав. Энэ жил сүүлийн 100 жил тохиолдоогүй онцгой өвөл болно гэж дэлхийн цаг уурын байгууллагуудаас сэрэмжлүүлж байна. Мөн ойрын өдрүүдэд Монгол Улсын нийт нутгийг хамарсан өнгөрсөн найман жилд бүртгэгдээгүй хүйтрэл, цаг агаарын аюултай нөхцөл бий болно гэж цаг уурын байгууллагаас анхааруулж, урьдчилан сануулсаар байгааг тэрбээр эхэнд нь дурдсан юм. Цаг уурын мэргэжлийн байгууллагуудаас сэрэмжлүүлсээр байхад өвлийг давж гарах арга хэмжээгээ Засгийн газар \”боловсруулан ажиллаж байгаа” нь туйлын хангалтгүй хэмээн үзэж байна гэв.
Энэ өвөл ирэх жилүүдийн ХАА-ын хөгжлийг зөв тавих бэлтгэл ажлын хугацаа гэж харж байгаа бөгөөд өвлийг өнтэй давах асуудлыг ярихаас гадна цаашлаад тус салбарын хөгжлийг оюуны хөгжил, иноваци, тэргүүний техник, технологийн ололт амжилтад тулгуурлан хөгжүүлэх талаар ярих ёстой хэмээн үзэж байгаагаа дуулгасан юм. Төгсгөлд нь хөдөө аж ахуйн салбарын бодлогыг үйлдвэрлэлийн салбарын бодлоготой уялдуулах замаар хөдөө аж ахуйн салбарын түүхий эдийг дэлхийн зах зээлийн үнэд ойртуулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх тухай 2015 онд батлагдсан Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлж, тодорхой саналаа оруулж, хөдөө аж ахуйн хөгжлийн ирээдүйн чиг хандлагын талаар тодорхой мэдээлэл өгөхийг Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс Засгийн газрын тэргүүнд даалгаж байгааг намын бүлэг дүгнэлтдээ дурдлаа.
Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат махны эскпортын талаар, Тариалангийн тухай хуулийн зохицуулалтаас үүдэн малчид, тариаланчид зөрчилдөөд байгаа учир дээрх хуульд өөрчлөлт оруулах боломжийн талаар Засгийн газрын тэргүүнээс тодруулсан юм. Махны экспортын бэлтгэл хийх зорилгоор Засгийн газар болон салбарын яам тодорхой ажлуудыг хийж байгаа бөгөөд яг өнөөдрийн байдлаар ХХААХҮ-ийн сайд ч ОХУ-д махны экпортын бэлтгэл хангах чиглэлээр хөрш оронтой хамтран ажиллах талаар яриа хэлэлцээр хийж байгааг хэлсэн юм. Мөн БНХАУ-тай хоёр боомтоор мах гаргах асуудлаар харилцан тохиролцоод байгааг дуулгасан юм. Түүнчлэн малчид, тариаланчдыг зээлээр санхүүгийн асуудлаа зохицуулдаг байдлыг өөрчилж, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнүүдийнх нь зах зээлийн өртгийг нэмэгдүүлэх, улмаар орлогыг нь өсгөж, амьжиргааг нь тэтгэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийсэн нь үр дүнтэй байгаа талаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хариулт өглөө. Тариалангийн бүс нутаг дахь малчид, тариаланчдын зөрчилдөөнийг шийдвэрлэх гарц нь эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх гэж үзэж байгаагаа Засгийн газрын тэргүүн илэрхийлээд Тариалангийн тухай хуулийн амьдралд нийцэхгүй байгаа заалтуудыг өөрчлөх шаардлагатай гэдэг дээр санал нэгтэй байгаа гэв. Ийнхүү асуулт, хариулт дууссанаар чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.