Согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн хэмжээнд 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 31-ний өдрийг дуустал зохион байгуулж байгаа “Хариуцлагаар үлгэрлэе” нэгдсэн арга хэмжээ хүрээнд Тээврийн цагдаагийн албанаас “DON’T DRINK AND DRIVE” буюу “Уусан үедээ бүү жолоод” хэсэгчилсэн арга хэмжээг энэ оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд улсын хэмжээнд эхлүүлж байна.
Энэхүү арга хэмжээ нь замын хөдөлгөөнд оролцогч нарт зөв дадал, хандлага соёл төлөвшүүлэх архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулж байна.
Энэ оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 33.404 зөрчлийн цагдаагийн алба хаагч нар илрүүлсэн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 1312 тохиолдол бүртгэгдэж 95 хүний амь нас хохирсон байна. Сүүлийн 5 жилийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 157.558 бүртгэгдсэн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсоны улмаас 4985 зам тээврийн осол үйлдэгдэж 588 хүний амь нас хохирсон байна.