Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан
энэ сарын 21-нээс 23-ны өдрүүдэд манай улсад зохион байгуулагдах байлаа. Хоёр улсын
Гадаад харилцааны яам эдгээр өдрүүдэд хуралдахаар тов зарласан бөгөөд Засгийн
газар хоорондын комиссын хурлыг үргэлжлүүлж, Бээжин хотод Эрдэс баялгийн
зөвлөлийн хуралдаан болохоор төлөвлөсөн байж.
Гэвч Хятад улсын талаас хуралдааныг тодорхойгүй
шалтгаанаар цуцлах хүсэлт тавьсан тухай Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх
мэдээлсэн байна. Шадар сайд хөрш орнуудын Засгийн газар хоорондын комиссыг даргалдаг.
Энэ ч утгаараа энэ удаагийн уулзалт, хуралдааныг зохион байгуулсан боловч
ийнхүү хойшиллоо.
Уг хуралдаанаар Хятад улсаас Монгол улсад өгөх
хөнгөлөлттэй зээл, хоёр улсын эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаа зэрэг
чухал асуудлууд хөндөгдөн яригдах ёстой байсан гэв. Хятадын тал хурлыг цуцлах болсон шалтгаанаа
тайлбарлаагүй. Гэвч Монгол Улсад хийж буй Дээрхийн гэгээнтэн 14 дүгээр Далай
ламын айлчлал давхцсантай холбоотой болов уу гэж эх сурвалжууд тайлбарлаж
байна.
Үндэстэн агентлаг