Хүйтний эрч чангарч, гэр байшингийн галлагаа нэмэгдсэнтэй холбогдуулан ахуйн гал түймрийн гаралт нэмэгдэх хандлагатай байгаа билээ. Үүнтэй холбогдуулан гал түймрийн эрсдэлийг бууруулах, болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, өрхийн бэлэн байдлыг хангуулах зорилгоор их, дээд сургуулийн оюутнууд болон Ерөнхий боловсролын найман сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд сургалт зохион байгууллаа.
Танхимын сургалт болон дадлага хосолсон тус сургалтаар орон сууцанд гал түймэр гарахаас урьдчилан сэргийлэх, гал түймрийн үед өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах, өөртөө болон бусдад эмнэлгийн анхны тусламж үзүүлэх мэдлэг боловсрол олголоо. Мөн дөнгөж үүсч байгаа галыг гал унтраагуур ашиглан хэрхэн зөв, түргэн шуурхай унтраах мэдлэг өгч, гэр бүл найз нөхөддөө зааж өгөх даалгавар өгөв.
Энэхүү сургалт нь сурагчдаар дамжуулан 1402 өрх гэрийн 5680 гарай иргэнийг гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэгийг дээшлүүлж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангуулсан үр дүнтэй сургалт боллоо гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.