УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдал, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” тогтоолыг эцэслэн баталлаа. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн мэдээлэл, тайлбар хийлээ.
Тэрээр “Тогтоолыг баталснаар монгол хүний удмын сангийн аюулгүй байдал, цус ойртолтоос сэргийлэх, хүн ам зүйн бодлогын хөгжил анхаарч эхэлнэ. Хүн судлалын салбарын хөгжил орхигдсон учир буцаан сэргээж бодлогын хэмжээнд аваачих үүргийг Засгийн газарт өгч байна. Молекул, генийн түвшинд судалгаа шинжилгээг илүү чадамжтай болгох заалт мөн орлоо.
Угийн бичиг хөтлөх чиглэлд том ажлууд хийх ёстой. Тухайлбал, сургалт зохион байгуулах, соён гэгээрүүлэх ажил хийх ёстой. Цус ойртолтоос сэргийлэх алхам нь угийн бичиг хөтлөлт юм. Цус ойртолтгүй аймаг, сум гэж байхгүй. Ургийн гажиг, жирэмсний эндэлт, хавдар тусах нь цус ойртолттой холбоотойг эрдэмтэд нотолсон. Тиймээс генетикийн лаборатори байгуулах заалт орууллаа.
Долдугаар заалтад гэр бүлийн тогтвортой байдлыг хангах зорилгоор хүүхдийн тооноос хамааруулан гэр бүлд дэмжлэг үзүүлэх талаар Засгийн газар судлан УИХ-д танилцуулахаар болсон. Өөрөөр хэлбэл, Засгийн газар гэр бүлүүдийг хэрхэн дэмжих вэ гэдэг бодлого, төсөв тооцоогоо танилцуулах юм.
Хэлэлцүүлгийн үед цус ойртолттой холбоотой гэрлэлтүүдийг гэмт хэрэг гэж үзэж, захиргааны арга хэмжээ авах санал гарч байсан. Олон Улсад энэ асуудлыг Эрүүгийн хуульдаа оруулсан байдаг. Тиймээс үүнийг манай улсад ч гэсэн иймэрхүү байх ёстой. Тогтоолын заалтын дагуу Засгийн газарт генетикийн оношилгоо эмчилгээ, генийн сангийн аюулгүй байдлын талаарх хуулийн төсөл 2023 онд багтаан боловсруулах үүрэг өгсөн. Үүнд хариуцлагын асуудлыг тусгах боломжтой” гэв.