Монгол- Хятадын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан энэ сарын 21-23
ны өдрүүдэд манай улсад зохион байгуулагдахаар байсан ч тодорхойгүй шалтгааны
улсаас хойшлогдоод байна. Энэ хуралдаанаар Хятад улсаас манайд өгөх хөнгөлөлттэй
зээл, хоёр улсын эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаа зэрэг чухал
асуудлуудыг хэлэлцэх байсан ч Хятадын талаас хуралдаанд оролцох боломжгүй
гэдгээ мэдэгдсэн байна.
Үүнийг Дээрхийн гэгээнтэн 14 дүгээр Далай ламын айлчлалтай холбоотой гэж
таамаглаж байлаа. \”Энэ айлчлалд Засгийн газар огтхон ч хамааралгүй. Цэвэр
шашины айлчлал” гэдэг тайлбарыг Монгол Улсаас өгсөн. Гэвч Хятад улс Далай ламын
айлчлалыг эсэргүүцэж байгаа гэдэг байр сууриа хамгаалж \”гэдийж” эхэллээ.
Мэдээж өгөх хүн гэдийж, авах хүн бөхийдөг гэдгээр Монгол Улс найр тавихаас
аргагүй хүрч байна.
Тэгвэл Монгол Улсад зохион байгуулагдах байсан дөрвөн ч удаагийн чухал
уулзалт, хэлэлцүүлгийг яагаад цуцалсан талаар Хятадын Гадаад хэргийн яамны
хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан \”Далай ламын Монголд хийж байгаа айлчлалын талаар
бид албан ёсны байр сууриа илэрхийлсэн. Гэвч энэ айлчлалыг зөвшөөрсөн Монголын
талын алдаатай бодлого Хятад-Монголын улс төрийн суурь харилцаанд сэв суулгаж,
хоёр талын хамтын ажиллагааны хөгжилд сөргөөр нөлөөллөө. Тиймээс Монгол Улсыг
Хятадын суурь ашиг сонирхолд хүндэтгэлтэй хандаж, алдаатай үйлдлээс бий болсон
сөрөг нөлөөг арилгах арга хэмжээ авч, хоёр улсын харилцааг хэвийн түвшинд
буцаан оруулахыг шаардаж байна” гэсэн тайлбарыг өгчээ.
Өөрөөр хэлбэл Хятад улс Далай ламын
айлчлалыг хүлээн зөвшөөрөөгүй ч айлчлал хийгдсэн учраас Монгол Улсад зохион байгуулагдах байсан ач
холбогдол өндөр хэд хэдэн уулзалтыг цуцахад хүрсэн гэж ойлгож болохоор байна.
Мөнгө зээлэх гэж байгаа нь бид болохоор
шаардлагыг нь хүлээн авахаас аргагүй байдалд хүрчихлээ. Гэхдээ л тусгаар улс
хэнийг хүлээн авч, хэнийг тахин шүтэх нь бусад улс оронд хамааралгүй л баймаар.
Үүнийгээ ч батлан тайлбарлаж, ойлгуулах цаг болчихсон юм шиг санагдлаа.
А.Аюуш
Үндэстэн агентлаг