УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “”Фэйсбүүк” болон бусад нийгмийн сүлжээний компаниудад гомдол барагдуулах үүрэг хүлээлгэнэ. Бид энэ чиглэлээр хуулийн төсөл боловсруулж байна. Монгол Улсын иргэдийн эрх сошиал орчинд зөрчигдсөн тохиолдолд гомдол барагдуулах ажлыг маш богино хугацаанд хийх төлөөлөгчийн газраа манай улсад байгуулах шаардлага тавьж байгаа. Европын орнуудад энэ зарчимаар гомдол барагдуулах ажил хийгддэг. 50 сая хүртэлх еврогоор торгодог хуулийн зохицуулалттай” гэлээ.