Ховд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүхээр ахлуулсан ажлын хэсэг Булган боомт, БНХАУ-ын Такейшкен боомтын үйл ажиллагаатай танилцав. Энэ үеэр Такейшкенд шинээр үүд хаалгаа нээж байгаа худалдааны төвийн нээлтийн ёслолд оролцож, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Такейшкен боомтын хилийн худалдааны бүсийн нээлтийн ёслолд Булган дахь гаалийн газрын дарга О.Лхагваэрдэнэ, Булган сумын засаг дарга Б.Амгаланбадрах, Булган боомтын хилийн мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Д.Батцэнгэл, ГИХ-ын баруун бүс дахь газрын Булган шалган нэвтрүүлэх тасгийн дарга Ш.Сайнжаргал, Такейшкен боомтын дарга Жантоу, Такейшкен боомтын захиргааны дарга Нурбек нарын зочид төлөөлөгчид оролцов. Тус худалдааны төвд Монголд үйлдвэрлэсэн олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүн худалдаалагдаж байгаагаараа онцлог юм. Иймээс Ховд аймгаас Такейшкен боомтыг зорих иргэд, бизнес эрхлэгчид өөрийн улс болон орон нутагтаа үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэн эдийн засгийн эргэлтэнд оруулах үүд хаалга нээгдэж байна.
Булган шалган нэвтрүүлэх боомтоор тээврийн хэрэгсэл нэвтрэн Такейшкен худалдааны бүсэд очиход бүртгэлийн карт, хонох хашааны түрээс, чанарын мөнгө, тээврийн газрын татвар хураамжийг төлдөг байна. Иргэдээс ирсэн санал хүсэлтйн дагуу аймгийн удирдлагууд, мэргэжлийн байгууллагынхан Хятадын талтай олон удаагийн уулзалт хийж, хүсэлт тавьсны үр дүнд ийнхүү татвар хураамжийн өртөгийг бууруулсан байна. Тухайлбал: 8000 юаний бараа худалдан авсан иргэдийн тээврийн хэрэгслээс татвар хураамж авахгүй байхаар болов. Мөн хоёр улсын хилээр суудлын тэрэг чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүлж өгсөн байна. Ингэснээр баруун бүсийн нийт иргэдийн тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд түлхэц болсон эхний алхам болж чадсан юм.
khovd.gov.mn