Арилжааны банкууд бүгд адилхан нэг хувийн шимтгэлийг зээлдэгчээс авдаг нь хууль зөрчсөн гэж хуульч О.Батхүү үзжээ. Тэрээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт энэ асуудлыг шалгуулах өргөдлөө өглөө.
Өмгөөлөгч О.Батхүү “Банкууд зээлийн 1 хувийн шимтгэл авч байгаа нь хууль зөрчсөн. Би Монголбанкны Ерөнхийлөгчид энэ асуудлаар хандсан. Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хүлээн авч уулзаад, банкуудын зээлийн шимтгэл авч буй журмыг хүчингүй болгох боломжгүй гэсэн хариу өгсөн. Иймд би ШӨХТГ-т хандан, банкууд хоорондоо шударгаар өрсөлдөж байна уу гэдгийг тогтоолгох хүсэлтээ гаргалаа.
Банкууд зээл олгосныхоо хариуд нэг хувийн шимтгэл авч, шударга бусаар өрсөлдөж байна. Өрсөлдөөнт зах зээлд банкуудын шимтгэл яагаад адилхан байна вэ? Тэд хоорондоо үгсэн хуйвалдаж, иргэдэд сонголт өгөхгүй байна. Банкууд хоорондоо шударгаар өрсөлдөж байна уу гэдгийг тогтоолгох хүсэлтээ гаргалаа.
Банкууд нийлж ажиллаж байна. Өрсөлдөөний тухай хуулийн 4 дэх заалтад хэрэглэгчийг хясан боогдуулахыг хориглосон. Мөн энэ хуулийн 11.1.1-т аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлах чиглэлээр бараа бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тохирч болохгүй гэж заасан. Зээлдэгч өөрөө бүх шаардлагатай материалыг бүрдүүлээд банканд гаргаж өдөг. Зээлийн эдийн засагч ипотекийн зээл авах гэж буй иргэний сонгосон байрны зургийг л нэг удаа очиж авдаг. Тэгсэн атлаа маш өндөр дүнтэй шимтгэл авч байна. Зээлдэгчид бол банкны хэрэглэгчид юм. Энэ асуудлаар банкуудад шалгалт оруулж өгнө уу. Банкуудаас бодит зардал гарч буй эсэхийг шалган, дүгнэлт гаргаж өгнө үү” гэв.
Мөн тэрээр шүүхэд хандана гэдгээ мэдэгдэж, Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбооны хуульчид ШӨХТГ-т дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэсэн юм.