Засгийн газрын хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн хуримтлалыг төрийн санд байршуулах, бүртгэх, олгох журам”-ыг баталсан. Энэ журмаар хүүхдийн мөнгийг ямар хувилбараар авах сонголтыг эцэг, эхчүүдэд үлдээсэн.
Монгол Улсад нийт 1,2 сая хүүхэд мөнгө авдаг. Ирээдүй өв сангийн тухай хуулийн дагуу энэ оны эхний таван сард нийтдээ 1.2 сая хүүхэд мөнгөө авах хүсэлт гаргаж үүнд 120 тэрбум төгрөг олгосон байна. Үүнээс 21 мянга нь л мөнгөө хуримтлуулах сонголт хийснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Сангийн сайд Б.Жавхлан “Тооцооллоор, хэрэв хүүхэд 0-18 нас хүртлээ мөнгөө хадгалбал ирээдүйд 20-22 сая төгрөгийн мөнгөн хуримтлал үүснэ. 18 настай ийм хэмжээний хадгаламжтай байх нь ирээдүйн хөрөнгө оруулагч иргэнийг бий болгоно гэсэн үг. Энэ нь хүүхдийн ирээдүйн сургалтын төлбөр болох төдийгүй хөдөлмөрийн гараагаа эхлэхэд анхны хэрэглэгдэхүүн худалдаж авахад зарцуулах гэх мэтчилэн хуримтлалтай иргэнийг бий болгох дунд, урт хугацааны ач холбогдолтой бодлого юм” хэмээж байсан.
Гэвч, Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харахад эцэг, эхчүүдийн дийлэнх нь хүүхдийн мөнгөө хуримтлуулах сонирхолгүй байна.