Өвлийн эхэн сараас эхлэн өвөлжилт хүндрээд байгаа Ховд аймгийн Баруун сумдын малчид зуданд тэсвэргүй, арчилгаа их шаардагддаг бод мал болох адуугаа зарж мөнгөтэй болох нь чухал гэж үзэж байна. Улсын хэмжээнд 90 гаруй суманд өвөлжилт хүндэрсэн тухай холбогдох байгууллагууд мэдэгдээд байгаа. Тэдгээр сумдын тоонд Ховд аймгийн Алтай, Үенч, Булган сумд ороод байна. Булган сумын тухайд төвийн хэсэгтээ 30-35 см, уулархаг газраа 60-80 см цастай байна. Зарим малчид малаа хотноосоо гаргаж бэлчээх боломжгүйд хүрч нөөцийн өвс тэжээлдээ ороод байгаа юм. Цаашид дахин их хэмжээний цас орвол 2009-2010 оны зудын нөхцөл байдлаас ч илүү гарз хохирол учирах эрсдэл байгааг малчид онцолж байна. Нэгэнт үүсээд байгаа хүндрэлийг даван туулахын тулд малчид малаа зарж борлуулах гарцыг хайж эхэллээ. Тиймээс цас зуданд хамгийн тэсвэргүй бод малаа зарж борлуулан, бог малаа онд оруулах өвс тэжээлээ худалдан авахыг илүүд үзэж байгаа юм. Ховд аймгийн баруун гурван сумдын малчид хилээр адуу гаргахгүй гэсэн шадар сайдын шийдвэрээс болж мал ч үгүй мөнгө ч үгүй болох эрсдэлд хүрээд байна. Тухайн сумдын малчид 700 орчим адууг аж ахуй нэгжид гэрээгээр өгчихөөд мөнгөө авч чадахгүй хүлээлтийн байдалтай байгаа юм. Хэрэв холбогдох байгууллагуудаас гаргаж байгаа шийвдэрийг хүлээх юм бол ирэх оны 04-р сарын 1 гэхэд нөхцөл байдал нэгэнт оройтож малчид хохирох магадлал их байна. Тиймээс ядаж улсын хэмжээнд тусгай зөвшөөрөл бүхий амьд адуу гаргадаг аж ахуй нэгжийг бүгдийг нь биш юмаа гэхэд өвөлжилт хүндэрсэн цас зудтай сумдын малчдын адууг нэг удаадаа гадгашаа гаргах зөвшөөрөл олгох боломжийг нутгийн иргэд төр засгаасаа хүсэв.