Гренланд арлын хойд хэсэгт огцом дулаарч их хэмжээний мөс хайлж байна. Агаарын температур Цельсийн 15.5 градус байгаа нь энгийн үеэс 10 хэмээр дулаан гэж эрдэмтэд хэллээ.
Долоодугаар сарын 15-17-ны дулаан өдрүүдэд мөс хайлж өдөрт 6 тэрбум тонн ус далайд цутгажээ. Энэ нь олимпын стандартын 7.2 сая усан сантай тэнцэнэ. Өөрөөр хэлбэл АНУ-ын Баруун Виржин мужийг бүрхэж хүрэхүйц их ус гэж АНУ-ын Цас мөсний судалгааны төвөөс мэдээллээ.
“Энэхүү хайлах явц сүүлийн 30-40 жилд байгаагүй хэвийн бус зүйл бөгөөд нэмэгдсээр байна” гэж тус төвийн ахлах эрдэмтэн Тед Скамбос хэлэв.
2019 оны зун 532 тэрбум тонн мөс хайлж далайд цутгасан бөгөөд энэ тоо улам нэмэгдэх вий гэж эрдэмтэд зун бүр санаа зовнидог. 2019 оны их хайлалтын улмаас далайн түвшин 1.5 миллиметрээр нэмэгдсэн юм.
Хэрэв Гренландын мөс хайлж дуусвал дэлхийн далайн түвшин 7.5 метрээр нэмэгдэнэ.
Эх сурвалж: CNN
© 2018 UNDESTEN.MN