Хавдар судлалын үндэсний төвд хавдраар шаналсан иргэд Монгол Улсын өнцөг булан бүрээс ирж үйлчлүүлдэг. Тэдний 50-60 хувь нь Улаанбаатар хотын иргэд байдаг байна. Тиймээс ХСҮТ-ийн эмчилгээ, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд тус төвд элэг шилжүүлэн суулгах мэс засалд ашиглах 1 тэрбум төгрөгийн үнэ өртөг бүхий тоног төхөөрөмж нийлүүлэхээр болж, өнгөрсөн 10 дугаар сард санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Тэгвэл элэг шилжүүлэн суулгах мэс засалд зайлшгүй шаардлагатай уг тоног төхөөржүүдийг өнөөдөр ХСҮТ-д хүлээлгэн өглөө.
ХСҮТ-ийн Ерөнхий захирал Ж.Чинбүрэн \”1 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжид элэг шилжүүлэн суулгах мэс заслын унтуулга, хагалгааны дараах хяналт, мэс заслын үед хэрэглэх багажууд багтаж байна. Энэхүү хөрөнгө оруулалт хийгдсэнээр зөвхөн элэг шилжүүлэн суулгах төдийгүй ХСҮТ-ийн бусад мэс ажилбаруудын чанар ч сайжрах ач холбогдолтой. Зөвхөн элэг солиулах хүмүүст л хэрэгтэй гэж ойлгож болохгүй юм. Манай эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар 1 давхраас 9 давхарт цойлох боломж гарч байна гэж харж байна. Тиймээс хотын дарга С.Батболдод ХСҮТ-ийн хамт олныхоо өмнөөс талархаснаа илэрхийлье” гэсэн юм.
Нийслэлийн өмчийн харилцааны газрын орлогч дарга Э.Эрхэмбаяр \”Нийслэлийн Засаг даргын 2016 оны мөрийн хөтөлбөрийн хүрээнд ХСҮТ-д нийслэлийн хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмж өгч байна. Хотын даргын 2016 оны А/719 дүгээр захирамжийн дагуу нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар 11 багц тендер зарласан. Уг тендерт шалгарсан 5 компанитай нийслэлийн Өмчийн харилцааны газар гэрээ байгуулж, өнөөдөр тоног төхөөрөмж хүлээлцүүлэх ажлыг зохион байгуулж байна” хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.