Санхүүгийн зохицуулах хороо хуулиар олгогдсон эрх, үүргийнхээ хүрээнд санхүүгийн байгууллагуудад тусгай зөвшөөрөл олгох, тэдгээрийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж ажилладаг нь санхүүгийн зах зээлд зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхлэгчид болон хөрөнгө оруулагчид, хэрэглэгчдийн эрх ашиг хууль тогтоомжийн хүрээнд хамгаалагдах үндсэн суурь болдог.
СЗХ хуулиар олгогдсон чиг үүргийнхээ хүрээнд тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлсэн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 3, 11.10 дугаар зүйлийн 5.3, 5.4, 5.5 болон 11.33 дугаар зүйлийн 1-д зааснаар зөрчлийн хэрэг нээж шалган, шийдвэрлэх, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах гэмт хэргийн шинжийг агуулсан байж болзошгүй гэж үзсэн тохиолдолд хууль хяналтын байгууллагад шилжүүлж ажилладаг.
Иймд иргэн та аливаа хөрөнгө оруулалт хийх, зээл санхүүжилт авах шийдвэр гаргахдаа тухайн үйл ажиллагаа нь төрийн эрх бүхий байгууллагаас олгодог зөвшөөрөлд хамаарсан эсэх, ирээдүйд үүсэж болзошгүй эрсдэлийн талаар санхүүгийн зах зээл дэх мэргэжлийн оролцогч байгууллагад хандан зөвлөгөө, мэдээлэл авах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг тухай бүрд нь авахыг зөвлөж байна.
Мөн санхүүгийн аливаа үйлчилгээг зөвшөөрөлгүйгээр эрхэлж байгаа болон эрхэлж байж болзошгүй этгээдийн талаарх мэдээллийг sec.supervision@frc.mn цахим холбоос болон +51-261677 дугаарын утсаар мэдээлэхийг зөвлөж байна.
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО