Монгол Улсын Засгийн газрын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах үүрэг, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/853 тоот өвөлжилтийн бэлтгэл хангах тухай захирамжийн дагуу сайжруулсан шахмал түлшний нөөцийг энэ оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө 200,000 тонн нөөц бүрдүүлэх үүрэг өгсөн.
Энэхүү үүрэг даалгаврын дагуу өнөөдрийн (2022.09.15) байдлаар нийслэлийн хэмжээнд 60 агуулах, дундын баазуудад нийт 110,000 тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэн ажиллаж байна.
Нийслэлийн зүгээс сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлт, агуулах /нөөц бүрдүүлэх/, борлуулагчдын урамшуулал, цалин хөлсний асуудлыг хариуцан ажилладаг.
2022-2023 оны халаалтын улиралд нийслэлийн 7 дүүргийн хэмжээнд сайжруулсан шахмал түлшний 650 цэг ажиллуулахаар төлөвлөсөн. Өнөөдрөөс 450 цэгээр сайжруулсан шахмал түлш борлуулж эхлээд байгаа бөгөөд тээврийн 31 аж ахуй нэгж байгууллагатай гэрээ байгуулан тээвэрлэлт хийж байна.
Түлшний цэг ажиллаж эхлэж байгаатай холбоотой Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд тэргүүтэй холбогдох албаныхан газар дээр нь хяналт, шалгалт хийн, борлуулагч нар болон иргэдээс санал хүсэлтийг сонсон ажиллаж байна.
Энэ жилээс агаарын чанарыг сайжруулах бүсэд Налайх дүүрэг орж байгаатай холбоотой тус дүүрэгт 30 борлуулалтын цэг өнөөдрөөс ажиллаж эхэлсэн. Цаашид үе шаттай нэмэх төлөвлөгөөтэй байна.
Нэг шуудай сайжруулсан шахмал түлш 3750 төгрөгөөр борлуулагдаж байна.