Арилжааны банкууд зээл олгохоо эрс багасгаад буй.
Одоогоор зарим банк зөвхөн цалингийн зээл олгож, бусад төрлийн зээлийн хүсэлт авахаа түр зогсоосон. Энэ нөхцөл байдал хэр хугацаанд үргэлжлэх, зээлийг хэвийн олгох боломж бий эсэхийг өчигдөр болсон Засгийн газрын хуралдааны дараах мэдээллийн үеэр сэтгүүлчид тодруулав.
Үүнд Сангийн сайд Б.Жавхлан “Төв банкны бодлогын хүү нэмэгдсэнтэй холбоотой. Үр дүн нь ингэж гарч байгаа. Мөнгөний бодлогыг хатууруулах, төсвийн бодлогыг хумих гэдэг нь хүсэх зүйл биш. Гэхдээ эдийн засгийн нөхцөл байдал ийм байгаа үед гарцаагүй хийх ёстой бодлогын орчин.
Харин бид үргэлжлэх хугацааг нь богино байлгахын тулд төсвийн бодлогоо хавсарч оруулж байгаа. Төсвийн бодлогыг хумих нь эдийн засгаа тогтворжуулж, өсөлтийг бий болгох зорилготой. Зээлийн хувьд ч тэр мөнгөний бодлогыг зөөлрүүлэх, хүү нь буурах эдийн засгийн орчныг бий болгохын төлөө бүх бодлого чиглэнэ” хэмээв.