УИХ-ын чуулганаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Ундрам ипотекийн зээлтэй холбоотой асуулт асуулаа.
Тэрбээр “Дотооддоо хүнсээ үйлдвэрлэх гэсэн ч банкууд зээл гаргахгүй байна. Энэ асуудал дээр ямар арга хэмжээ авах вэ? Өмнөх жил ипотекийн зээлийн хэмжээ, барилгын үнийн талаар асууж байсан. Тэгэхэд та орон сууцны үнийн өсөлт хэвийн байгаа. Цаашид ч хэвийн буюу Монголбанк хянана гэж хариулсан. Энэ жил орон сууцны үнэ 19 хувиар өссөн. Төлбөрийн тэнцлийн алдагдлыг бий болгоход барилгын салбар хамгийн ихээр нөлөөлж байна.
Түүний асуултад Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд зээл олгосон. Газар тариалан эрхлэгчдэд 790 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Өмнөх онд үл хөдлөх хөрөнгийн үнэ 17 хувиар, энэ онд 19 хувиар өссөн байна. Үнэ өсөхөд өртөг зардал, ялангуяа барилгын материалын үнэ өсөж байгаа нь үл хөдлөх хөрөнгийн үнэд нөлөөлж байна.
Монголбанк ипотекийн зээлийг ирэх оноос зогсоох гэж байгаа. Яагаад гэвэл энэхүү зээлийг Цар тахлын хуулийн дагуу олгож байгаа юм. Олгож байгаа эх үүсвэрийн хувьд эргэн төлөлтөөс санхүүждэг. Энэ хөтөлбөр өөрөө өөрийгөө санхүүжүүлэх хэмжээнд очсон. Энэ утгаараа 2023 оноос Монголбанк хуулийн дагуу ипотекийн зээлийг олгож болохгүй. Тэгэхээр Засгийн газрын нэг агентлаг, аж ахуйн нэгжээр дамжаад энэ хөтөлбөр цаашид хэрэгжих боломжтой гэж харж байна” гэж хариуллаа.