Налайх дүүргийн ЕБС-иудын дунд хэрэгжүүлсэн \”Миний ертөнц” хөгжлийн хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа 12 сарын 26-ны өдөр 119 дүгээр сургуульд боллоо.
Тус хөгжлийн хөтөлбөрийг Хүүхдийн төлөө үндэсний газар, НҮБ-ын Хүүхдийн сангаас хамтран өнгөрсөн 3 сараас хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд дүүргийн ЕБС-иудын 9-12 дугаар ангийн 2100 гаруй сурагч хамрагджээ.
Хөтөлбөрийн хаалтад дүүргийн Засаг дарга Засаг дарга Ч.Раднаабазар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн дарга Б.Наранбаяр, 119-р сургуулийн захирал Ж.Батцэцэг болон хөгжлийн хөтөлбөрт хамрагдсан сургуулиудын сурагчид оролцлоо.
\”Миний ертөнц” хөгжлийн хөтөлбөр нь миний ирээдүй, миний санхүү, миний харилцаа, миний эрүүл мэнд, бидний бахархал гэсэн 5 бүлгээс бүрдсэн ба хүүхдүүд сэдвүүдийн хүрээнд баг болж хуваагдан олон үйл ажиллагааг зохион байгуулж явуулсан байна. Гол зорилго нь 15-18 насны хүүхдийн сурч хөгжих хэрэгцээг тодорхойлж, амьдрах ур чадварыг эзэмшүүлэх, амьдралын сайн сайханд тэмүүлэх сэдэл төрүүлэх, бие даан сурч боловсрох чадварыг төлөвшүүлэхэд оршиж байна.
Арга хэмжээний үеэр дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар үндэсний хэмжээнд зохион байгуулагдсан \”Миний ертөнц” хөгжлийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн сургууль, анги хамт олон, нийгмийн ажилтныг шалгаруулан шагнаж урамшууллаа. Хөтөлбөрийн шилдэг сургуулиар 119-р сургууль, дэд байранд \”Чандмань” цогцолбор сургууль, шилдэг хороогоор Налайх дүүргийн 7-р хороо, шилдэг ангиар 119-р сургуулийн Г.Нэргүй багштай 12-3 анги, \”Эрдмийн-Оргил” цогцолбор сургуулийн Л.Мөнгөнтулга багштай 11-3 анги, \”Голомт цогцолбор” сургуулийн Ш.Нарангэрэл багштай 11-4 анги, \”Чандмань цогцолбор” сургуулийн 10а ангид өргөмжлөл хүртээж, 119-р сургуулийн нийгмийн ажилтан Эрболд, Чандмань цогцолбор сургуулийн нийгмийн ажилтан Гэрэлмаа, 7-р хорооны нийгмийн ажилтан Арнагүл нарт \”365 өдөр аз жаргал тэр чигтээ”, \”Амжилтын хөтөч” номыг бэлэг болгон өглөө.
\”Миний ертөнц” хөтөлбөрийн хаалтад 119 дүгээр сургуулийн авьяаслаг сурагчид урлагийн тоглолтоор мэндчилгээ дэвшүүлсэн бол, анги хамт олон хийсэн бүтээлээрээ үзэсгэлэн дэлгэжээ.