2023 оны нэгдүгээр сарын 12-22-ны хооронд АНУ-ын Нью Йорк мужийн Лэйк Плесид хотноо болох оюутны дэлхийн Өвлийн наадамд Монголын Оюутны Спортын Холбоо хоёр төрлөөр оролцохоор болжээ.
Тодруулбал манай улсаас тэшүүрийн шорт трекийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Бат-Оргил, тамирчин Б.Гэрэлтуяа, Г.Мөнх-Эрдэнэ, Э.Мөнх-Эрдэнэ нар оролцох юм.
Тэшүүрийн шорт трекийн үндэсний шигшээ багийг нэг дасгалжуулагч, хос тамирчинтайгаар бүрдүүлжээ.
Тэд Степпе Арена мөсөн өргөөнд бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа аж.
Уг наадамд нийт 50-аад орны 2,500 орчим тамирчин, 1,500-3,000 сайн дурынхан, спортын 12 төрлөөр 17-25 насны оюутан залуучууд оролцох юм байна.
Цаашид 2026 онд Италийн Милан, Кортинад болох Өвлийн олимпын XXV наадамд тэшүүрийн шорт трекийн төрлөөр эрх авч оролцох, 2024 онд БНСУ-ын Кангвон мужид болох Залуучуудын өвлийн олимпод Монголын хүүхэд, залуучуудаа түүхэндээ анх удаа тэшүүрийн шорт трекийн төрлөөр эрх авч оролцуулах зорилго тавьжээ.