Исламын улсын эсрэг Сирийн Засгийн газрын цэргүүдийн явуулсан байлдааны ажиллагаа оросын дэмжлэгийн хүчинд дуусах шатандаа орж байна. Дайны дараа хийгдэх ёстой хамгийн том ажил бол сэргээн босгох, шинэ дэд бүтэц, барилга байшин барьж хүмүүсийг хэвийн амьдруулах нөхцөл бололцоог хангаж өгөх явдал байдаг. Ялангуяа дайн байлдаанаас үлдсэн зэвсэг, техник, сум галт хэрэглэл, тэсэрч дэлбэрээгүй сум, мин, пуужин, их бууны сум, гранат, занга, төрөл бүрийн гар хийцийн тэсрэх төхөөрөмжийг аюулгүй болгох нь хамгийн түрүүнд хийгдэх ёстой маш чухал ажил билээ.
Энэхүү хүнд бөгөөд амь насанд онц аюултай ажлыг оросын цэргийн инженер-саперын дайчид 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл Сири улсад явуулж байгаа юм. 100 орчим хүнтэй инженер-саперын отряд нь гар хийцийн тэсрэх төхөөрөмж болон мин устгалын үйл ажиллагааг бүрэн бие дааж явуулж байгаа юм. 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар уг отряд байлдааны газар оронд инженерийн тагнуул явуулахаас гадна 1072 га газар, 400 гаруй км зам, 2200 гаруй барилга, байшинг аюулгүй болгож, нийтдээ 16 мянган сум, галт хэрэглэл, мин, гар хийцийн тэсрэх төхөөрөмжийг илрүүлж устгаад байгаа гэнэ.
Оросууд мин устгалын ажилд уламжлалт тусгайлан сургагдсан үнэрч нохойдоос гадна \”Уран-6\” зайн удирдлагатай мин устгалын робот зэрэг хамгийн сүүлийн үеийн зэвсэг техник, технологи ашиглаж байна. Мөн шинэ төрлийн хамгаалалтын өмсгөл, мин илрүүлэгч \”ИМП-2С\”, хөдөлгөөнт тэсрэх хэрэгслийн удирдлагын утас/кабель илрүүлэгч \”ПИПЛ\”, тэсрэх бодис илрүүлэгч \”ИНВУ-3М\” болон мин устгах ерөнхий цэргийн иж \”ОВР-2\” зэргийг ашиглаж байгаа. Отряд нь цувааны хөдөлгөөн үйлдэх үедээ \”БТР-82А\” хуягт тээвэрлэгчид суурилуулсан шинэ төрлийн долгион дарагч (jammer) ашиглаж байгаа нь афганд явагдаж буй байлдааны ажиллагааны туршлага гэж хэлж болно.
нийтлэлч Р.Энхболд