Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нүүрсний хулгайн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Гаалийн байгууллагаас өнгөрсөн хугацаанд гаалийн хяналт шалгалтыг дөрвөн удаа явуулж бүртгэлгүй нүүрсний талаарх мэдээллүүдийг илрүүлжээ. Тухайлбал, 2010 оноос 2011 оны долдугаар сарын 1-ийг хүртэлх хугацаанд хяналт шалгалтыг явуулахад гаалийн бүрдүүлэлт 379 мянган тонн нүүрсэн дээр хийгдээгүй. Өөрөөр хэлбэл, 1 жил сарын дотор шүү. Энэ үед “ЭТТ” ХК дөнгөж үйл ажиллагаагаа эхлүүлж байсан.
2013-2017 оны хооронд 2527 компанийн 17200 орчим машин улсын хилээр Хятад руу хоосон нэвтэрсэн. Энэ шалгалтын хүрээнд 268 мянган тонн нүүрс урагшаа гаалийн хилээр улсад татвар, АМНАТ төлөлгүй гарсан байна.
2022 оны 4-5 сарын хооронд Гашуунсухайт боомтод шалгалт хийхдээ камерын хяналтын бичлэг болон гаалийн мэдүүлэг бөгөлсөн ААН-үүдийн гаалийн мэдүүлэг, улсын хилээр гарсан хүн тээврийн хэрэгслийн бүртгэл зэрэгтэй тулгахад ихээхэн хэмжээний нүүрс улсын хилээр бүртгэлгүй гарсан байна. Ингэхдээ энэ нүүрс нь гаалийн байгууллагын үндсэн статистик мэдээллээс зөрөхөөс гадна БНХАУ-ын гаалийн мэдүүлэгээс зөрсөн. Зөвхөн Хятадад манай нүүрс шингэдэггүй юм байна. Цаашаа далайн чанадад бусад улс орнууд руу экспортод гардаг. Тэдгээр улсуудын гаалийн байгууллагын мэдээллээс ч мөн зөрсөн.
Улмаар цагдаагийн байгууллагад өмнө нь хэрэгсэхгүй болгосон гаалийн бүртгэлгүй нүүрстэй холбоотой мэдээллүүдийг эргэн сэргээн шалгаж байна” гэв.