Улсын Ерөнхий прокурорын газраас Эдийн засгийн хөгжлийн яамны болон Хөгжлийн банкны удирдах албан тушаалтнууд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэлтэй эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах хамтарсан ажлын хэсгийг байгуулжээ.
Ажлын хэсэгт Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагч нар багтсан байна.
Дээрх хэрэгт Нийслэлийн прокурорын газраас хяналт тавих бөгөөд хэргийг шуурхай шалгаж, шийдвэрлэхийг Ерөнхий прокурор М.Энх-Амгалан ажлын хэсэгт үүрэг болголоо.