Авлигын эсрэг шувуу ажиллагааны талаар мэдээлэл өглөө.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Шувуу ажиллагааны хүрээнд дөрөвдүгээр сарын 5-ны өдөр иргэн Т.Бадамжунайг Филиппин улсын Манила хотооос шилжүүлэн авах ажиллагаа хийгдсэн. Түүнийг цагдан хорьж байгаа.
АТГ-ын мөрдөн шалгах албаныхантай иргэн Ж.Төгсбаяр Унгар улсаас өөрөө холбогдоод хэргээ шалгуулъя гээд ирсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.2-т заасан гэмт хэрэгт шалгагдаж байгаа хүн.
Иргэн П.Болортуяа мөн мөрдөгчтэй холбогдоод БНСУ-аас ирээд хэргээ шалгуулж байгаа. Эдгээр иргэнд хилийн хориг тавьсан. Мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй явагдах нөхцөл бүрдээд буй.
Ойрын үед БНСУ-аас хэд, хэдэн хүнийг тус улсын хууль сахиулагчидтай хамтарч албадан ирүүлэх ажлууд хийгдэж байна. Одоогоор эдгээр хүний нэр усыг хэлэх боломжгүй.
“Тавантолгой төмөр зам” компанийн Гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргалыг шилжүүлэн авах ажиллагаа хийгдсэн тохиолдолд мэдээлэл өгнө. Түүнийг шилжүүлэн авахаар АТГ, ЦЕГ, Эрүүгийн цагдаагийн алба энэ чиглэлээр холбогдох улс орнуудын хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа.
АНУ-ын ЭСЯ болон аюулгүйн албаныхантай тус улс руу явсан хүмүүсийг авч ирэхээр ярьж байгаа.
Ж.Мөнхбат мөрдөх байгууллагатайгаа холбогдоод хугацаандаа ирж мэдүүлэг өгөхөө илэрхийлсэн гэсэн мэдээллийг авсан.
Авлигаас гадна хүнийг санаатай алах, хүчингийн гэмт хэрэг, залилан мэхлэх, хулгай, дээрэм хийсэн хүмүүсийг мөн шилжүүлэн авч ирнэ. Гадаадаас авч ирнэ хэмээн зарласан 100 гаруй нэрийн жагсаалтад эдгээр хүний нэр бий.
Шалгагдаж байгаа хэргийн талаар прокурорын зөвшөөрлөөр мэдээлэл өгнө” гэв.